Monday, May 26, 2008

Онигоо

Ганц бие эр найзтайгаа тааралдаад ярив.
-Ханьтай болъё гээд, сонинд зар өгсөн чинь шуудай захидал авлаа.
-Овоо л доо миний хөгшин!
-Гэхдээ дандаа эрчүүд захидал бичжээ.
-Юу? Чамтай тэгээд эр хүн сууя гэсэн байх юм уу?
-Үгүй ээ, бүгд “миний шулмыг авч буян болооч” гэсэн байна.

Сэтгэл мэдрэлийн эмч:
-Та, юунаас болж хямралд ороо вэ?
-Миний хуучин эхнэр одоогийн эхнэртэй танилцчихаж. Тэгээд, тэр хоёр эхэндээ жаахан муудалцаж байснаа, сайдалцчихжээ.
-Харин ч сайн юм биш үү?
-Гүй ээ, тэр хоёр чинь, нийлж байгаад, миний ирээдүйн эхнэрийг зодчихжээ.

Холын аймгийн нэгэн эр шээсний шинжилгээ өгөхөөр эмнэлэгт иржээ. Залуухан сувилагч бүсгүй:
-Ах аа, та тэр шилэнд морь хараарай, за юу? гээд, ханын тавиур дээрх шил рүү заажээ. Тэгээд түр зуурхан гарчихаад орж ирэв гэнэ. Тэгтэл шалнаас эхлэн дээш олгойдож, хана өөд цоройсон нарийхан шээсэн зам татчихсан, тавиураас нь шингэн шар юм дуслаад л, сүйд майд байв.
-Та яаж байна аа?
-Тэ-ээр орой дээр байгаа, жижигхэ-ээн шилний амыг онохыг амар гэж бодоо юу чи?

Дэлгүүрээс гарч иртэл нэг цагдаа машины дэргэд торгуулийн хуудас бичээд зогсож байна. Очлоо. “Хөгшнийгөө уучлаач, анх удаа л ингэж байна” гэлээ. Тоохгүй байна. “Хөөш, саальчин гуай, микрүүдээ очиж саа!” гэчихлээ. Цагдаа хоёр дахь хуудсаа бичиж эхэлдэг юм байна. “Муу илжиг” гэлээ. Цагдаа бүр ууртайгаар гурав дахь хуудсаа суга татлаа. Иймэрхүү байдлаар гучин минут өнөөхийг чинь нохой гахайгаар дуудлаа. Яахав дээ, би машинаа булангийн цаана зогсоол дээр тавьсан болохоор жаахан зугаа хиймээр санагдаад.

Friday, May 16, 2008

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЗОХИОЛ

/Ардчилсан намын шинэ цэргүүдээс зохиогчийн эрх хулгайлав/

Дүрс: Дэлгэцнээ Ардчилсан намын туг намирч байснаа нэгэн нөхөр сүнс мэт гэнэт сүрхийтэл гарч ирнэ. Тэрээр намын тугаараа зангиа хийж, хүзүүндээ намируулсан харагдана. Ялимгүй сандарч байгаа бололтой ярьж эхэлнэ.
Текст: Би Монголд бэлгэвч дэлгэрэхээс өмнө олдсон. Гэхдээ бэлгэвч байлаа ч гэсэн тэмцсээр байгаад нүх олчих чадалтай сперматойз л доо. Ард түмний нам байгуулахаар дөчин хэмийн хүйтэн чулуун шалан дээр сууж байхад бэлгэвч минь углаастай байсан. Би даараагүй. Бороо гоулд руу дайрахдаа бэлгэвчээ өмсөөд л ухасхийсэн. “А” намдаа нутаг гүйсэн адуу шиг буцаж ирэхдээ би бэлгэвчээ мартаагүй билээ. Намайг Лхамжавын Гүндалай гэдэг.

Дүрс: Дэлгэцнээ Бүгд найрамдах намын туг намирч эхэлсэн байна. Бас нэг уртаас урт нөхөр сүнс мэт гулжисхийн гэнэт тодорно. Тэрээр өөрийн намын тугаараа зангиа хийж, хүзүүндээ гонжиролдуулсан харагдана. Энэ хүн ихэд ууртай байх ажгуу.
Текст: Малчдад би яснаасаа /янхир том яс руугаа заана/ дургүй. Гэхдээ ноолууранд бол хайртай л даа. Залхуу, бүдүүн хүнийг би нэг нүдээрээ ч үздэггүй. Хэрвээ би сонгогдвол залхуучуудыг бүгдийг нь баривчилж, хүрз бариулж, ноолуурын үйлдвэр бариулна. Би Монгол улсынхаа төлөө хөлс хүчээ хайрлалгүй зүтгэсээр яс арьс болтлоо турсан. Цаашдаа зүтгэнэ ч, турна ч. Намайг Буянгийн.., биш ээ, Базарсадын Жаргалсайхан гэдэг.

Дүрс: Дэлгэцнээ Монгол ардын хувьсгалт намын туг намирч эхэлнэ. Мөөмөө сэрийлгэсэн нэгэн бүсгүй сүнс сүүдэр мэт огцом гялсхийнэ. Тэрээр хувьсгалт намынхаа бадамлянхуа бэлэгдлээр час улаан хөхний даруулга хийж зүүжээ. Ихэд ялдамхан инээмсэглэж байх ажгуу.
Текст: Би хүүхдэд хайртай. Хүүхдээр хэлд орж, хүүхдээр хөлжиж, хүүхдийг хошгируулж улс төрд гарснаа би хэнээс ч нуухгүй. Энэ бол пионер хүний үг. Пионер хүн үнэнч шударга байх ёстой. Би Энхболд даргын газрын наймаачин болохыг пионер хүний ёсоор шударгаар хэлсэн. Цаашдаа ч хир буртгийг шударгаар илрүүлсээр байх болно. Намайг Нордогийн Болормаа гэдэг.

Дүрс: Дэлгэцнээ дахин Ардчилсан намын туг намирч эхэлнэ. Унжиралдсан цагаан дээлтэй нөхөр, зангиагаа ч унжиралдуулсаар.., гонжиролдсоор арайхийн тодорно. Тэрээр ардчилсан намынхаа тугаар хөөрөгний даалин хийж барьсан харагдана. Унжирсан унжуу хамар луугаа тамхи чихэнгээ ярьж эхэллээ.
Текст: Би.., тооны ухааны хүн. Энэ утгаараа болбол бүх хорыг яг таг тооцоолж найруулдаг. Нөгөө утгаараа болбол тэрхүү хор хэнд яаж үйлчилж, тэр утгаараа болбол хэн суудлаасаа унахыг квадрат язгуураас гаргаж, логрифм тэгшитгэлээр бодож математик гаргалгаа хийж сурсан хүн… /Түр бодлогоширно/ Нөгөө утгаараа болбол намайг Раднаазүмбэрэлийн Гончигдорж гэдэг.

Monday, May 12, 2008

Онигоо

Сэлүүрт завины тамирчин гомдол мэдүүлэв.
-Багш аа, би энэ дэлдэн Тулгаатай нэг баг болмооргүй байна.
-Юу..? Цаадах чинь манай хамгийн хүчтэй тамирчин ш дээ.
-Хүч нь ч яах вэ, багш аа. Ийм чихтэй хүнтэй салхины эсрэг сэлүүрдэх гээд үз дээ, та.

-Манай Монгол улсын батлан хамгаалах яам радар зохион бүтээжээ.
-Паах, овоо л доо.
-Онгоцыг дайсных гэдгийг баараггүй мэднэ.
-Пөөх, яаж тэр вэ?
-Маш энгийн. Манайх ганц ч онгоцгүй юм чинь, дэлгэцэн дээрх бүх онгоц дайсных.

Нэгэн дэлгүүрийн лангуун дээр эхлээд саксофон, дараа нь гар буу гэсэн дарааллаар барааг солбиулан өрсөн байна гэнэ.
-Танайх чинь хөгжмийн дэлгүүр үү? Зэвсгийн дэлгүүр үү?
-Хөгжмийнх л дөө.
-Тэгээд яагаад саксофон, гар буу хоёрыг ээлжилж өрсөн байдаг билээ? Би огт ойлгохгүй байна.
-Нэг саксофон зарагдсаны маргааш саксофонтой айлын хөрш нь гар буу авахаар ирдэг юм аа.

Нэг байгууллагын хоёр жолооч уулзав.
-Бүтэн сайнд чи ямар ажил амжуулах вэ?
-Заваан ажилтай, хө. Баянчандмань руу хадмын гахайг ачихаар явна.
-Өө, гайгүй л юм байна ш дээ. Минийх бүр заваан, бодохоос дургүй хүрч байна.
-Ямар гэж?
-Нисэх буудал орж, хадам ээжийг өөрийг нь тосно.

Saturday, May 3, 2008

ЦЭРДИЙН ГАЛВЫН АРДЧИЛАЛ

/фельетон/
Монголчууд бид ардчилсан ёсыг эрт дээр цагаас тогтоосон болохыг Цэрдийн галвын үеийн олдворууд баталж дэлхийн эрдэмтдийн чихийг дэлэм болтол соотойлголоо. 50 сая жилийн тэртээ, бидний элэнц хуланц нар хадан агуйд түүхий мах зулгаан байх ахуйдаа Улсын Их Мурил хэмээх хууль тогтоох дээд байгууллагаа сонгож асан байх юм.
Тэр үеийн улстөрчид одоогийн соёлтой шударга гишүүдтэй харьцуулашгүй бүдүүлэг хүмүүс байсан болохоор хөөрхий сонгогчдыг гол төлөв мурьчихдаг байж. Чухам тиймээс “Улсын Их Мурил” гэж Их хурлыг нэрлэж заншсан байв.
Эртний галвын эрхэм гишүүдийг “Эрхэм гишүүн” гэх бус, молиго хэмээн дуудна. Молиго гэдэг үг одоогийнхоос шал өөр утга заана. Түмэн олон: “Эрхэм молиго Хүрэлсүх”, “Эрхэм молиго Гүндалай”, “Эрхэм молиго Идэвхтэн” гэх мэтээр ихэс дээдсээ хүндэтгэн, агуйн хоймортоо өнгөт сүг зургийг нь залдаг байлаа. Молиго гэдэг нь хамгийн тансаг, хамгийн тэнгэрлиг үг учраас энэ нэрийг сонссон хэн бүхэн сөхрөн унаад, толгой дээрээ наманчлан мөргөнө. Гэвч тэр үеийн зэрлэг бүдүүлэг гишүүд сонгогчдыг муриад байсан тул ард түмний дунд “молигодох” гэдэг хэллэг тарсан аж. Ийнхүү Цэрдийн галав дуусах үест монголчууд хууран мэхлэхийг молигодох гэж ярьж заншсан нь одоог хүртэл уламжлагдан иржээ.
Эртний галвын монголчууд Улсын Их Мурилын сонгуулийн сурталчилгааны ажлыг дөрвөн сарын нэгэнд явуулж байв. Молиго нар: “Танай овгийн үнс пургисан гурван чулуутай гал голомтыг чинь сайжруулж, хэт богино долгионы “Монел” шарах шүүгээ олгоно”, “Арслан заан агнах чулуун сүхийг чинь алтан нуухтай зандан иштэй, ган сүхээр сольж өгнө” гэх мэтчилэн ард түмэндээ амлалт өгнө. Тэд ээлж дараалан индэрт гарч, сонгогчдын толгойг наян найм эргэтэл нь молгидон, сонгогдмогцоо Улсын Их Мурилын хүрэн зандан ширээтэй асар том агуй руугаа шурган ороод, муриад алга болчихдог байлаа. Чухам энэ үеэс монголын ард түмэн дөрвөн сарын нэгнийг “Инээдмийн баяр” хэмээн нэрийдэж, нэг нэгнээ молигоддог өдөр болгон тэмдэглэж эхэлсэн нь төдөлгүй нийтийн баяр болон дэлхий даяар түгэжээ. Энэ баяр түргэн тархахад тэр үед эхэлж байсан даяаршил хүчтэй түлхэц болсон гэдэг.
Энэ бүх баримт сэлт нь ардчиллыг гадаадаас авсан мэтээр эндүү ташаа ярьдаг улстөрч, эрдэмтэн, судлаач нарын мэдлэг ямаршуу нимгэн болохыг илтгэж, тэднийг ичээж байна. Шинэ жил, мартын найман, олон улсын хүүхдийн өдөр, улаан өндөгний баяр гээд бүх баярууд дөрвөн сарын нэгний адил монголоос гаралтай байхыг үгүй гэх аргагүй.
Малталт цааш үргэлжилж, шинэ баримт олсоор л.., Монгол болоод монголчуудын нэр дуурссаар л...

Saturday, April 26, 2008

Багш, оюутны онигоо

Лекц явж байна. Зузаан гэгч шил хамар дээрээ тохсон өвгөн багш самбар дээрээ сунжирсан урт томъёо бичиж, оюутнуудаас унтах нь унтаж, чалчих нь чалчиж, бас мессеж бичицгээнэ. Урд талын ширээнд таван гар муушигдаж байна. Тэгтэл нэг нь:
-Хөөш, наймыг долоогоор дардаг юм уу, тэнэг ээ? гэсэн чинь, багш ихэд сандран,
-Аан? Аль долоо гэж? гээд, самбар дээрээсээ долоогийн тоо хайж байх юм гэнэ.

Хуулийн сургуулийн шалгалт явж байна.
-Залилан гэж юу вэ?
-Багш аа, та намайг шалгалтанд унагаавал тэр л залилан болно доо.
-Яахаараа тэр вэ?
-Эрүүгийн хуулинд хэн нэгэн этгээд нь нөгөө нэг этгээдийнхээ ямарваа нэг зүйлийн талаар мэдлэггүйг нь далимдуулж хохирол учруулах үйлдлийг залилан гэнэ гэж заасан байдаг шүү дээ.

Анагаахын сургуулийн лекц явж байна.
-Зүрх хаана байдаг вэ?
-Цээжний хөндийд.
-Буруу! Хальсан бүрхүүл дотор байдаг.
-Профессор оо, таныг тэгвэл ангид байна гэх үү, дотуур өмдөн дотроо байна гэх үү?

Профессор:
-Оюутнууд аа! Химийн шинжлэх ухааны хамгийн суут бүтээл юу билээ? Хэлэх хүн байна уу?
-Шаргал үстэй монгол хүүхэн!

Monday, April 21, 2008

ХАЛААСНЫ ӨРӨӨ

/шог өгүүллэг/
Идэр ес гээч нь ид дундаа байсан үе. Хичээлээ тараад иртэл хуучин муу богц, алимны хайрцагтай хэдэн номыг минь үүдэнд гаргаад шидчихсэн байна. Намайг бараадан нүүж явдаг муу дүү минь ботгон нүдэндээ нулимс цийлэлзүүлээд чичрэн зогсох нь өрөвдмөөр. Тавин хэм чисхийсэн хүйтэнд утаатай тэнгэрээс өөр хучлагагүй хонож, хорин хуруу хоёр чихээ нэгд нэгэнгүй хөлдөөж, голдоо ортол даарч үзсэнийхээ дараа би “халаасны өрөө” гэдэг үгийн утгыг ухаарч билээ. Ийм өрөөнд түр орогнон суух, ядарсан ялаануудыг дуртай цагтаа халж сольж болдог болохоор “халаасны өрөө” гэдэг нэр үүссэн юмсанж. Халж сэлгэхийн “хал” нь энэ үгийн язгуур болдог гэсэн үг.
Би хөгширсөн хойноо ч оюутан хэвээр, үйл лайгаа эдэлж яваа хүн л дээ. Анх гэнэн амьтан айлын хажууд халаас шиг жижиг өрөөнд аж төрдөг болохоор ийнхүү “халаасны өрөөний айл” гэдэг нэр томъёо үүссэн юм байх хэмээн бодож, тэнэгтэж маанагтаж явжээ. Энэ үгийн цаад санааг эрдмийг сурахаар зориг шулуудсан анхны лайт өвлөө тийнхүү ясандаа тултал мэдэрч билээ.
Удалгүй бас өөр утга олж мэдэв. Энэ зовлонт явдлын дараа ахин нэг халаасны өрөө оллоо. Батга шавсан барзгар хар нүүр, том улаан хамартай эрхэм тэр гэрийн эзэн болно. Нэгэн орой эхүүн нясуун юмыг ханхлуулан, өрөө рүү маань орж гарч байснаа, тэсгэлгүй чин сэтгэлийн яриагаа эхэллээ. “Халаасны өрөө гэдгийн жинхэнэ утгыг мэдэх үү?” гэх асуултыг түүний амнаас сонсоод, зүрх шууд зогсон, сандалдаа лагхийн суулаа. Батгатай эрхэм миний цус харвахад дөхөөд буй цонхийсон царайг анзаарсан ч үгүй,
-Гэрийн эзний дотрыг халаасны төлөө хөөгдчихөлгүй толгой хоргоддог өрөө учраас “халаасны өрөө” гэдгийм даа хэмээн өөрөө, өөрийнхөө асуултад хариулж байна. “Дахиад л халуулж сэлгүүлэх нь дээ” гэхээс үнхэлцгээ хагартлаа айж байсан миний дотор цэлмэчих шиг болж, “ёо, ёо” гэж сэм дуу алдлаа. Дүүгээ бушуухан ганц шил юманд гүйлгэчих нь тэр! Энэ яриа болсноос хойш би гэрийн эзний дотрыг байн байн баяртайяа халаах боллоо. Нээрээ л дотор халаасны ачаар амар жимэр аж төрдөг болохоор “халаасны өрөө” гэж нэрлэх нь долоон зөв шүү дээ.
Удалгүй тэрхүү “дотор халаасны” өрөөндөө удаан оршин сууж чадахгүйгээ мэдэрдэг юм байна. Батга царайт долоо хоног тутамд шил юм гаргуулдаг байснаа, давтамжаа аажмаар ойртуулсаар. Сүүлдээ бүр давраад, “Өдрийн нэгийг заавал авахуулна!” гэж агсамнах болов. Мөнгө ч тэсэхээ байлаа. Би ч бас тэссэнгүй. Нэг л мэдэхнээ тэвчээр алдарч, “Битгий хуц! Муу, батга царайлсан архичин!” хэмээн хашгирчихсан байлаа. Бид тэр оройдоо “дотор халаасны” өрөөнөөс хөөгдсөн юм.
Дараа нь бас нэг халаасны өрөөнд сөгдөж гуйж байж толгой хоргодлоо. Гэрийн эзэн огт батгагүй цэвэрхэн царайтай эрхэм. Зан гэж хайлсан тугалга. Гурван өрөө байрныхаа хоёр жижиг өрөөний нэгэнд дүү бид хоёрыг, нөгөөд нь дөнгөж нас биенд хүрсэн болов уу гэмээр жижигхэн, хөөрхөн оюутан охиныг суулгана. Тэрээр намайг оруулахдаа, “Уг нь ганц бие оюутан охин оруулсан бол ч…” гэж өөртөө хэлээд, шүлсээ гүдхийтэл залгисан юм.
Эр хүн л болсон юм хойно, би нэг орой халамцуу ирлээ. Угаалгын өрөө рүү яваад ортол, ээ бүү үзэгд! Юу харсан гэж санана, өнөөх цэвэрхэн царайт эрхэм чинь оюутан охиныг шалан дээр дараад уначихсан уухилж байна! Нүв нүцгэн!
-Охин шигээ хүүхдийг яана гэнэ ээ, чи! гэж би бархирлаа. Муу ухныг ховх татаад, хоёр нүдний нь тэхий дундуур нулиад хаячихлаа. Маргааш өглөө нь дүү бид хоёр, нөгөөх оюутан охинтой халаасны өрөөнөөсөө хамтдаа хөөгдөв өө, хөөрхий.
Оюутан охин уйлж байна аа. Би өрөвдөөд нулимсыг нь арчих гэлээ. Тэгтэл тэр над руу хорсолтой харцаар цоргиод, “Намайг чамтай хардаад, хөөчихлөө. Хөгшин илжиг ээ! Дахиад хаанаас ийм үнэгүй халаасны өрөө олох юм?” гэж чарлаад, маажиж малтах нь холгүй байна. “Үнэгүй гэнэ ээ?” гэж би дуу алдсанаа, дотор огшоод явчихлаа. Дүү бид хоёр өмнөх айлдаа дотор халаасны төлөө толгой хоргодож байсан бол, энэ охин цэвэрхэн царайт эрхмийнд хөнжил халаасныхаа төлөөсөнд “үнэгүй” аж төрж байсан юмсанж. Халаасны өрөөний бас нэг том утга нь “хөнжил халаасны” өрөө байж дээ.
Өөр юу эсийг үзэхэв. Нэг удаа сүнстэй өрөөнд орчихдог байна. Шөнө бүр улаан дээлтэй, хүйт даасан нүдтэй, үхдэл царайтай хүүхэн орж ирээд, “хай, кони чива, аригато” гээд хөнжлөөс татаад уушиг зүрх амаар гаргачих гээд байсан тул аргагүйн эрхэнд нүүсээн. Монгол залууд дурласан, улаан дээлтэй япон бүсгүй яг тэр өрөөнд амиа егүүтгэсэн түүхтэй аж. Хөөрхий хүүхнийг Халаа сан гэж дууддаг байж. Тэгээд яахав дээ, “Халаа саны өрөө”-нд орчихсон нь тэр.
Амьдрал гэдэг баян юм аа. Монгол хэл минь амьдралаас дутахгүй баян ажээ.
Өнөө шөнө би бас л гудамжинд хонож байна. Тэр өвлийг бодвол арай дулаахан, хаврын шороон шуурга нөмөрч унтана, гэж байгаа. Маргааш бас нэг шинэ халаасны өрөө олно. Шинэ өрөө олно гэдэг “халаасны” хэмээх энэ гайхамшигт үгийн бас нэгэн шинэ, сайхан утгыг олно гэсэн үг ээ.

Wednesday, April 16, 2008

МАЛЧИНД ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ

/Б.Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөгөө” пост панк шүлгээр амилуулав/

Чи баталсан хууль бүхэнд нижгээд
“Мал” гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн
“Мал” гэдэг үгтэй хуулийг хүмүүс
Машид чандлан мөрдөж байна

Чи цас орох бүрт нижгээд уут
“Гурил”-ыг надад хүргүүл гэж чанга дуугаар хэлсэн
“Гурил” хэмээх хүнсийг бид чамд
Гучин живаа уутаар нь тээсээр улсын сангаа дундруулсан

Чи аймаг бүрт нижгээд
Аюулаас хамгаалах сан байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Аюулаас хамгаалах сангийн өвсөнд аймгууд
Арав биш зуун тэрбумыг агаарт хийсгэх мэт цацаж байна

Чи “Цэцэрлэгийн хүүхдийн тоогоор элгэвч явуул” гэж надад
Чихний хэнгэрэг цоортол бархирсан
Чиний лаа чүдэнзийг бэлдэж өгөх дуулианд цэцэрлэгийн бяцхан үрс
Чихэртэй зайрмагны мөнгөө доголон нулимстай хуу хамуулсан

Чи миний хүүгийн найранд хоосон гуяа ганзагалж ирэхдээ
“Халзан цагаан хонь аваарай” гэж чанга дуугаар хэлсэн
“Халзан цагаан хонь” гэхүйд чинь хотол олон дуу алдан биширсэн
Харин тэр хонь гуайнхаа хатсан шийрийг ч болтугай чи над өгөөгүй

Чи хаврын хаварт нижгээдээр
Улаан махны үнэ өсөх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Улсын төсвийн ажилчид нүдээ анин
Улаан махыг чинь дөрвөн мянга таван зуугаар авч байна

“Малчин миний хүүхдийг үнэ төлбөргүй сурга” гэж чи
Мянган үхрийн эвэр доргитол машид чангаар хашгирсан
Малчин бүрийн нэг хүүхдийг үнэгүй сургахад
Монгол улсын их сургуулиуд ширээ сандлаа элээж байна

“Малаас татвар авах ёсгүй” гэж чи
Матадаас Толбо хүртэл цуурай хадаасан
Арьсаа язартал таргалсан майхан шиг шарын чинь хөлөөс
Аяга самрын үнийг аргадаж тойлон хурааж байна

Малчин гуай,
Таны хэлсэн бүгдийг чинь бид
Бүгдий нь биелүүлдэг
Чамд хэлэх нэг зөвлөгөө байна,
Чи битгий давар!
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates