Friday, March 21, 2008

Эзэнтэй онигоо

Шоронд Хүрэлсүхээс нэг эр асууж байна гэнэ.
-Хөөш хөгшөөн, чи наранд байхдаа юу хийж байсан бэ?
-Улсын их хурлын гишүүн байсан.
-Пөөх? Тэгээд яагаад хоёр жил авчихаа вэ?
-Чуулганаа таслаад аа.
-Аан..? Нээрээ гэж үү?
-Тэр өдрөө “Хадгаламж” банк руу орчихсон юм л даа.

Атрын гуравдугаар аяны хүрээнд ХХАА-н сайд Ганхуяг хүлэмж барьж улаан лооль тарьжээ. Ганхуяг сайд, Оюун сайдынд айлчилж, хүлэмж рүү нь орж үзээд,
-Чиний улаан лооль час улаан байхад, минийх яагаад одоо болтол нов ногооноороо байгаад байна аа? гэж гайхав гэнэ. Оюун:
-Би шөнө бүр хүлэмжиндээ тачаангуй ая тавиад, тайчих бүжиг хийдэг. Улаан лооль маань ичээд час улайчихдаг юм гэжээ.
Хэд хоногийн дараа Ганхуяг сайд амьсгаадан давхиж ирээд,
-Хөөш Оюун, миний улаан лооль ичихээрээ улайхын оронд харлаж хорчийдог цус байна. Яах вэ, хө одоо? гэж байна гэнэ.

НҮБ-ийн элч дуучин Ариунааг телевизийн нэвтрүүлэгт сурвалжлагчийн үүрэг гүйцэтгээч гэж гуйжээ. Нэвтрүүлгийн эхний зочноор Арвин гишүүн уригдав гэнэ.
-Та хүүхдэд хайртай юу?
-Хүүхдэд ч нэг их хайртай майртай гэмээргүй л байна л даа. Гэхдээ хүүхэд үйлдвэрлэх процесс ч өөрөө мөн гоё шүү гэж байх юм гэнэ.

Wednesday, March 12, 2008

Спартакиад

/фельетон/
Их хурлаас бүх ард түмний спартакиадыг хаврын тэргүүн сард зохион байгуулах тухай хууль баталлаа. Зуд турхан болчихоод байхад юун спартакиадтай манатай. Малчид муудсан гунжаа тэжээж, өеөдсөн бухаа өргөөд, жолооч нар тусламжийн гурилын тээвэрт давхиад бүгд завгүй. Лүндээ дарга баахан бодоод, онцын ажил гэж байх биш, эрхэм гишүүдийг спартакиадад оролцуулах гарц олов.
Гишүүд “хувьсгал” ба “ардчилал” гэсэн хоёр багт хуваагдаж, зөвхөн алт, мөнгөн медалийн төлөө өрсөлдөж, хүрэл медалийн зардал хэмнэв. Хэмнэлтээрээ мэдээж, тойрогтоо гурил будаа ачуулъя гэж санал нэгдлээ. Идэвхтэн гишүүн медалиудыг хоёр баг яг тэнцүү хуваахаар зөвшилцөх санал тавьж:
-Спартакиад гэдэг нь тэмцэл зөрчлийн талбар байсан бол шинэ эрин үед зөвшилцлийн талбар байх ёстой хэмээн цогтой халуун үгээ хэллээ. Гишүүд нэгэн дуугаар дэмжив. Ингээд шалихгүй ээ, гуравхан сар зөвшилцөөд, нээлт хийцгээв.
Спартакиад боксын тэмцээнээр салхиа хагалав. Чих дүлийрэм шүгэлдээн, орилолдоон дундуур хоёр тамирчин дэвхэцсээр гарч ирэх нь орсон буур, улайрсан бух гэмээр агаад, үзэгчид байдгаараа чарлах нь үнэг үргээж яваа Батаа гишүүн юм уу даа, гэмээр байв. Гүндалай гишүүн “Боломж олдсон дээр нь сайн гөвшиж авна даа” гэж бодон хөмхийгөө зууж байсан бол Нямдорж гишүүн:
-Намайг ялуулахаар коёр тал зөвшилцчиксөн. Санаа зүвох юмгүй гэж авгай руугаа утасдаж их маадгар байна. Нэгдүгээр үе эхэллээ. Нямдорж гишүүн бялба нүдүүлж байна. Тэмцээнийг ажиглаж байсан “хувьсгал” багийн ерөнхий дасгалжуулагч Баяр эвслийнхэн дээр гүйж очин:
-Энэ чинь юу болж байна аа? Цаашдаа бол ер нь, зөвшилцлөө баримталбал зүгээр дээ, хүүхдүүд минь гэж байна. Нэгдүгээр үеийн завсарлагаар Нямдорж булга цохиулсан гурван шүдээ бөөн нөжирсөн цустай нулимаад, тагларсан нүд, задарсан хөмсгөө даран ёолж:
-Күнийг ингэж зүдвол эрүүгийн куулинд заасны дагуу арван жил авдаг юм. Чамд, гайгүй үзүүлнэ дээ гэж байна. Нөгөө буланд Ламбаа дасгалжуулагч:
-Ээ, цаад муу хөгшин чинь наанаа хатуу ч, цаагуураа их сайхан хүн байгаа юм ш дээ. Гүндалай минь одоо боль боль. Болно хүү минь хэмээн Гүндалайг ятгаж, загнаж, янз бүрээр оролдож байна. Хоёрдугаар үеийн тоглолт эхлэхэд Гүндалай журмын нөхрийнхөө захиж хэлсэн үгийг биелүүлэхийг машид чармайсан боловч ясны хонзон гэдэг ясны л хонзон шүү дээ яаж ч болсонгүй нам цохичихлоо. Нямдорж гишүүнийг түргэн тусламжийн тэрэг авч явснаар зөвшилцөл гацаанд орлоо.
Цөөн хэдэн сарын дараа гацаа арилж, эмэгтэй сумочид барилдахаар гарч ирлээ. Баянмөнх аварга тайлбарлаж байна:
-Эркэм күндэт үзэгчид ээ, за одоо көлөөрөө шавж байгаа күндийн жин арай иктэй, улаан маваши, цэнкэр көкний даруулагатай нь “кувьсгал” багийн бөк Арвин, арай жин багатай кар маваши, ягаан көкний даруулагатай нь “ардчилал” багийн бөк Оюун… За коёр бөк тогтуукэн өрж байна. “Кувьсгал” багийн Арвин көкний даруулганы арын бүснээс нь давуулж барилаа, гуядлаа, за аваад явчиклаа гэхэд үзэгчид чих дүлийртэл чарлалдлаа.
Эмэгтэй сумогоос эхлэн спартакиад зөвшилцлийн дагуу сайхан өрнөлөө. Нэгэнт л зөвшилцсөн юм хойно арван нэг түрүүлсэн их аварга маань эвслийнхэн дундаа хамгийн чөргөр нь болох Батбаатарт өвдөг шороодоод:
-Хмм, хнммм, хэмээн яг л үүлэн борооны ажлаа дөнгөж дуусгасан ахимаг эр мэт түргэн түргэн амьсгаадангаа,
-Хавьд бэлтгэл хийгээгүй, Батбаатар бие жижиг ч, бяр ихтэй байна гэж телевизийнхэнд ярилцлага өгч байна. Холын зайн гүйлтэд улсын зэрэгтэй тамирчин Гончигдорж өрсөлдөгч тамирчнаа хүлээн, алхаж явснаа болиод баахан суусан боловч бараа сураггүй тул хажуулж, хэвтэж амарч байтал нь Дэмбэрэл гишүүн аахилсаар, алхах зогсохын дундуур пөгцөгнөн барианд орж ирж, торгон жолоо өргүүлэв. Гончигдорж гишүүн ярилцлага өгч:
-Энэ утгаараа, спартакиад их сайхан хүч чадал авхаалж самбаа сорьсон уур амьсгалтай болж байна аа. Энэ утгаараа… гээд цааш ярих гэсэн боловч телевизийн найруулагч таслан, “шөнийн софи”-гийн сурталчилгаа өгчихлөө. Ийнхүү тэмцээнүүд үргэлжилнэ. Бүх ард түмний спартакиад сайхан болж байгааг үндэсний телевизийн нээлттэй микрофоноор ард олон амаа олохгүй магтана.
Хамгийн сүүлд бялдаржуулахын тэмцээн боллоо. “Хувьсгал “ багийн гишүүн Одончимэд цээжнийхээ булчинг зангируулахуйд түүнийг хөгжөөн дэмжихээр ирсэн анагаахын их сургуулийн оюутан охид:
-Аа, оо, ой дуугаран муужран унацгаана. Бялдрын тэмцээний шүүгчээр гай таарч хараа муутай хүн томилогдсон тул Одончимэд гишүүний өмнө гарч ирсэн Батхүү гишүүнтэй андуурч оноогоо солиод өргөчих нь тэр ээ.
Гайтай хөөтэй бялдаржуулах тэмцээний маргааш монголд төрийн эргэлт гарахад тулж очив. Гудамж талбай пиг дүүртэл жагсаал цуглаан боллоо. Бат-Үүл тэргүүтэй хэдэн хүн үндэсний телевизийн байранд дайран орж:
-Ху нам олимпийн хороонд дарамт учруулсан байна. Бид ардчиллынхаа үнэт зүйлсийг хамгаалахаар орж ирлээ хэмээн шууд нэвтрүүлэг хийлгэв. Гуравхан цагийн дараа энэ нэвтрүүлгийг “Аль жазира”, “ВВС” телевизүүд дэлхий даяар дахин дамжуулсан байлаа. Баасан эгчээр толгойлуулсан иргэний хөдөлгөөний цог золбоот дайчид олимпийн хороог бүслэн авав.
Хямрал бүс нутгийн чанартай байснаа хүрээгээ тэлж, олон улсыг хамарч мэдэхээр болсон тул НҮБ-ын аюулгүйн зөвлөл хуралдаж, Ху намд шахалт үзүүлэх шийд гаргав. Америк манай ерөнхийлөгчийн хадам ээжид виз олгохгүй, мянганы хөгжлийн сангийн 280 саяыг өгөхгүй гэж, Орос болохоор “бакиал” гутлынхаа үнийг тав дахин нэмнэ гэж айлгасан тул өнөөх лайт харалган шүүгчийг чирэн ирж, телевиз радиогийн бүх сувгаар гэм бурууг нь хэлүүлж, хоёр тал хамтарсан мэдэгдэл хийлээ.
Ийнхүү зөвшилцлийн урин дулаан салхи умар зүгээс үлээв. Намрын сайхан цэлмэг өглөө спартакиадын хаалтын ёслол эхэллээ. Хаалтын баярыг сэтгүүлч Гүрбазар хөтөлж, үндэсний телевиз дэлхий даяар цацлаа.
-Эрхэм хүндэт үзэгчид ээ, Зөрчил тэмцлийн мөс хайлан урсаж байгааг та бүгд харж байна. Энэ бол Тэнгэрлиг оршихуй юм аа гэхэд найман зүгийн долоон хэлийн ард олон ухаарлын нулимсыг хувин хувингаар нь асгаруулж байлаа.

Thursday, March 6, 2008

Онигоо /"Оногой" Т.Галсан гуайнхаар, "Унагаа" А.Амарсайхан гуайнхаар/

Шүүх хурал болж байна.
-Иргэн Дамбий та долоон толгой гахай хулгайлсан хэргээ хүлээж байна уу?
-Үгүй шүүгч ээ, би ганцхан мэгж хулгайлсан. Харин зургаан торой нь сайн дураараа намайг дагаад харайгаад байсныг эрхэм шүүгч тооцож үзнэ үү.

Нэг залуу цэрэг татлагын комиссын үзлэгээр орж байна гэнэ. Нүдний эмч аятайхан хүүхэн заагуураар А үсэг заав. Залуу “Б” гэв. Арай том А үсэг заасан чинь “В” гэж байна. Бүүр том А үсэг гаргаад заатал “Ташаагаа тулсан Ф” гэлээ. Хүүхэн халаатаа яраад л үзүүлтэл нүв нүцгэн, залуу ангайн Аа гэсэн чинь “Чи тэнцлээ, дараагийнх нь” гэлээ.

Ээж нь хэлж байна гэнэ.
-Миний охин, олон хүн суудаг микробтой суултуур дээр битгий суу. Горшокон дээр сууж бай.
-Та хүний зовлон ойлгохгүй юм. Өндөр баас гарахаар хэцүү байдаг юм аа.

Уртын дуунд нугасгүй дуртай нэг залуу байж гэнэ. Хүлээж хүлээж, арайхийж нэг айлын найр болж мань эр очоод шавайгаа ханатал дуулж суув. Тэгтэл хүү нь аавынхаа чихэнд:
-Аав аа таны мотоциклоос гувшаа Батаа архины шилээр бензин саагаад байна гэв. Залуу:
-Тэр яах вэ ээ-ээ-ий-хэ-ээ-ээ гээд үргэлжлүүлэн дуулав. Удалгүй хүү нь дахиад л гаднаас орж ирээд:
-Гувшаа Батаа бүр давраад гурвын бидоноор саагаад эхэллээ гэж байна. Залуу:
-Өөрөө мэдэг ээ ээ-ээ-ий-хэ-ээ-ээ хэмээн үргэлжлүүлэн дуулаад тоохгүй суув. Орой тийшээ хүү дахин аавынхаа чихэнд:
-Зүүн талд ногоон Балдан суучихаад ээжийн мөөмнөөс базаад л байх шиг байна гэж байна. Залуу:
-Ногоон Балданг ална даа аа-ий-хэ-ээ-ий-ээ хэмээн дуулсаар сууж байна гэнэ.

Monday, February 25, 2008

ЗОЛГҮЙ УЧРАЛ

(шог өгүүллэг)
Ес эхлэхээс өмнө цочир хүйтэрсэн боловч тэнгэр тогтуун сайхан байлаа. Сургуульд хотоос арга зүйч нар ирэх юм гэнэ гэсэн яриа сумын төвөөр хаврын түймэр адил түргэн тархлаа. Тэр оройдоо, шөнө дунд дөхөж байхад жээп гээч гялгар тэрэг хөлөглөсөн хоёр эрхэм залрах нь тэр. Сумын зочид буудлыг хувьчилж аваад, гурав дахь хоног дээрээ найрлаж байгаа улаан Дүүлээ ихэд мэрийж байж хөл дээрээ тогтон зочдыг угтав. Тэр буудлынхаа үүдэнд зогсоод
-Миний буудлын анхны зочид… хэмээн хамрынхаа самсаа түмбэлзүүлэн эхэр татуулж байснаа енгэнэтэл уйлан хоёр зочны нэгийг тэврэн авч нус, шүлсээ хацарт нь нааж эхэллээ. Яг энэ мөчид амжиж харайлгаж ирсэн сургуулийн захирал түүний бүснээс зулгаан
-Наад хүмүүс чинь хот газрын эрдэмтэн магаастарууд. Дүүлээ минь, соёлтой бай гэж чихэнд нь шивнэтэл хэрэг бишдэх нь тэр. Улаан Дүүлээ
-Хотын луйварчингуудад дойллуураар үйлчилнээ хэмээн цуурайтуулав. Сумын төвийн бүх ноход команд авсан мэт зэрэг зэрэг борголдож, Дүүлээгийн дуу газарт нэг, тэнгэрт нэг хадна. Аргаа барсан захирал айсандаа бүлтэгнэн зогсох хөөрхий хоёрт
-За, та хоёр манайд хонохоос гэлээ.
Маргааш өглөө нь нөгөө хоёр захирлын хамт сургуулийн гол хаалганы дэргэд зогсож байлаа. Урьд шөнө орох оронгүй бүлтэгнэж байснаа ор тас мартсан эрхмүүдийн харц дээгүүр, царай ихэмсэг байх аж. Сумын төвийнхөн өвлийн идшээ бэлтгэж, үхэр мал нядлан, нусаа арчих ч завгүй байдаг үе. “Дорж өчигдөр манайд ирж үхэр төхөөрч өгөөд явсан юмсан. Дээлээ сольж ирдэг л байгаа даа” хэмээн захирал санаа зовинож байлаа. Булан тойроод хоёр хүн айсуй. Сургуулийн үйлчлэгч Должин сэвс нялаад хатаачихсан хормойгоо өшигчин, багш Дорж цустай ханцуйгаа хаялан, хоёул гангар гунгар гэсээр ирж явснаа зог тусаад таг гөлөрлөө. Араас нь түрүүчийн хоёртой адил энд тэндээ цус сэвс наасан сурагчид цувах нь тэр! Захирал сургуулийн ёолкон дээр дурандуулж буй муу сурсан сурагч шиг улайж, нүүр хийх газраа олж ядна. Харин зочдын царай хувхай цайж, нүд нь орой дээрээ гарсан харагдана. Ерөнхийлөгч тэргүүн хатагтайтайгаа гэгээн дүрээрээ заларч байгаатай учирсан гэлтэй үл таних хүмүүсийг гайхан алмайрсан сурагчид өмнөх замаа харахгүй довжоонд бүдрэн улаан нүүрээрээ газар алгадан пис пас унана.
Төслийн ажлаар яваа гэх энэ хоёр эрхмийн эмэгтэйнх нь үнэгэн шүүбний огтор хормой дороос шилэн оймстой гуя гялалзаж, эрэгтэйнх нь задгай энгэрээр цасан цагаан цамц, хээнцэр зангиа харагдана. Үнэгэн лоовууз, үстэй дээл, нохой гуталтай багш нар хувцаснаасаа ичээд, захиралтай адил час улайчихсан зогсож байлаа. Панз Норовын авгай Нараа тэргүүтэй хэдэн бүсгүйн хор шар хөдлөөд буцаж гүйлээ. Удалгүй алт мөнгө, булга савхиараа гоёчихоод ирцгээв.
Хэдэн үеэрээ зүггүй гэж сум даяар зартай Доржийн удмын юм нь хөдөлж хими биологийн багш өндөр Гончигт
-Хотын хүүхнүүд чармай нүцгэн бие дээрээ шүүб өмсдөг моодтой болсон гэнэ гэж хэллээ. Гончигийн хоёр нүд хотын эмэгтэйн хөл дээр очоод наалдчихлаа.
Арга зүйч нар багш нарын хичээлд сууна гээд, Гончиг багшийн хичээлийг эхэлж сонгов. Гончиг багш хорин гурав дахь жилээ хүүхэд бужигнуулж байгаа хашир бурхи боловч, сүүлийн арван жил төвийн арга зүйчийн бараа хараагүй тул дадлага хийж байгаа оюутан шиг л сандарчихлаа. Тэр дэн дун гэсээр хичээлээ дуусгаад, завсарлах хонх дуугарахад сая сэхээ орлоо. Хартал нөгөө хоёр маань ихэмсэг дүртэй сууж л байв. Өндөр Гончигтой зөрөн, англи хэлний багш, энэ жил төгсөж ирсэн жаахан хүүхэн нөгөө ангид орж ирэв. Тэр самбартайгаа ч юм уу, сурагчидтайгаа ч юм уу, бүү мэд, ямар нэгэн юмтай яриад буруу хараад зогсчихлоо. Энэ ангид хичээлийн төгсгөл рүү орж ирсэн эрхлэгч, арга зүйчдийг суусан чигтээ тэс хөлдсөнийг мэдэж, илжгээ хулгайд алдсан хужаа шиг муухай чарлаж байснаа тас гэдрэгээ саван унажээ.
Дуудлага өгөөд дөрвөн цаг болсны дараа аймгаас эмч ирэхэд эрхлэгч хэдийнэ сэргэчихсэн, харин нөгөө эрхмүүд ихэмсэг дүртэй суусан чигтээ л байв. Сталин багшийн хөшөө мэт сүрлэг дунхайх тэднийг эмч хэд хэд нясалж үзээд
-Одоо эмч биш цагдаа хэрэгтэй болжээ гэлээ. Орой тийшээ цагдаагийнхан ирэхэд талийгаачдыг тойруулан өрсөн паяльникууд хүнгэнэлдэн угтав.
Тэр оройдоо мөрдөн байцаалт эхэллээ. Сургууль дотор хасах дөчин хэм хүйтэн байдгаа мэдсээр байж өрөөндөө зочдын гадуур хувцсыг өлгүүлсэн захирлыг баривчлав. Хичээл дээр нь хүн хөлдөж байхад анхны тусламж үзүүлээгүй химийн багш, хэлний багш хоёрыг хам хэрэгтнээр татлаа. Насныхаа талыг хүүхэдтэй хэрэлдэж, хэл ам нь үсний хутга шиг болчихсон өндөр Гончиг арга зүйчид хоёрдугаар цагийн хичээл дээр хөлдсөн болохыг хими биологийн шинжлэх ухаанаар батлаад, ачигдаж явснаасаа хойш хорь хоноод, аймгийн мөрдөнгөөс суллагдаж ирлээ. Заргалдах байтугай мэдүүлэг ч өгч чадахгүй бүтэн хорь хоног уйлж суугаа хэлнийн багш Чимгээ хэргийн гол буруутан нь юм гэнэ хэмээн сум даяар шуугилдав. Гурван сарын дараа сумын уурын зуухыг худалдаж авсан Догсом баяныг зуухны галчтай хамт гавлаад ачив. Захирлын бүл дүү улсдаа нэртэй өмгөөлөгч төвөөс ирж, энэ хэрэгт сургууль буруугүй, уурын зуух буруутай болохыг баримтаар нотолсон нь энэ байлаа. Бүтэн нэг жил өнгөрлөө. Сумын төвийнхний мөнгөтэй хүн алзахгүй биз гэсэн яриа ортой болохоо харуулав. Догсом баян холын хамаатан галч залуугаа дагуулан царай нь цонхийж чийг ханхлуулсан амьтан буцаж ирэв. Ингээд шатдаггүй нүүрс уурын зууханд нийлүүлсэн Хар хужирын уурхайн захирлыг зөрүүлэн ачаад явчихлаа.
Долоон жил өнгөрч, сумын төвийнхөн дотор өнөөх гайт хэргийг дурсдаг хүн байхгүй болоод байлаа. Хаврын сүүлч рүү анхны бороо орсон өдөр хэргийг золгүй учрал гэж үзээд хэрэгсэхгүй болгосон тухай радиогоор ярьж эхлэв. Яг энэ үеэр сумын сургуульд бас нэгэн арга зүйч ирлээ. Гончиг багш нээлттэй хичээлээ заахынхаа хажуугаар, хичээлд нь сууж буй төвөөс ирсэн гуалиг бүсгүй рүү очиж, мини юбкний хормойноос доош бүтнээрээ ил гарсан булбарай зөөлхөн гуян дээр нь гараа тавьж, амьд эсэхийг нь дахин дахин шалгаж байлаа.
2000 он

Tuesday, February 19, 2008

Болсон явдал

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн энхрий хайрт удирдагч нар “Түүхий нүүрс түлэхгүй байх тухай” захирамжийн хэрэгжилтийг шалган айлуудаар явжээ. Эрхмүүд явсаар Харзатын 218-д нэгэн эмгэнийд очив. Эмээ тэгтэл тогооны тал нүүрс хийгээд, дээрээс нь хальтал нь ус хийчихсэн буцалгаад л уур манан хадааж байна гэнэ. “Хүүе, та яаж байна аа?” гэсэн чинь, “Иш хүү минь, түүхий нүүрс түлж болохгүй гэхээр нь, нүүрсээ болгож сууна даа, эмээ нь” гэжээ.


2007 оны “Шилдгийн шилдэг” номыг шалгаруулах ёслол болж байв. Хөтлөгч маш сүртэйгээр:
-2007 оны шилдгийн шилдгээр “Бодь мөрийн зэрэг” ном шалгарчээ гээд, пауз авав. Бас жаахан түгдрэв. Тэгснээ номынхоо нүүр лүү хяламхийнгүүтээ:
-Энэхүү номын зохиогч Богд Зонхов Шагжамун таныг шагналаа гардан авахыг урьж байна гэж “туужээ”.

Monday, February 11, 2008

МЯНГАН ТӨГРӨГ

(шог өгүүллэг)
Банжаа хөгшин мал харахаар сумын төвийн чанх өмнө орших толгодын орой дээр гарч суулаа. Эргэж хармагцаа огло харайн босов. Сургуулийн хаалганаас эхэлсэн урт оочер мушгиран сунаж, сумын төвийн нөгөө зах руу талийсан нь Ленин багшийн бунханг ачиж ирээд сургуулийн хашаанд тавьчихсан мэт харагдана. Банжаа гуай:
-Ээ, Богд минь. Сургуулийн цалин буух нээ гэж амандаа хэлээд ухасхийлээ. Газрын уруу хад чулуу тачигнуулан дүүлж буй хөгшнийг алсаас харсан манлай уяач, ганган Дүүлээ адуу гэж андуурч:
-Миний хурдан зээрд чөдрөө тасдчихаа шив. Чоно нохойноос үргэв үү гэж үглэнгээ дурангаа хайн, өвөр түрийгээ ухан, мунгинаж байтал нь хөгшний бараа аль хэдийнээ тасарсан байлаа.
Банжаа гуай самганыгаа “төсвийнхөнд мөнгө зээлдүүлснээс гээчихсэн нь дээр” гэж үглэсээр байхад тоолгүй, тооны багш шар Даваад мянган төгрөг зээлдүүлчихсэн нь араасаа бөөн балаг чирээд байгаа юм. Түүнээс хойш сургуулийн цалин хэд хэд буусан боловч, Даваа сохор зоос авчирсангүй. Зуны эхэн сард сургуулийн амралтын мөнгө буухад хөгшин бүтэн өдөржин сургуулийн хаалга сахиад хоосон харьснаас гэрт нь дайн гарах дөхсөн юм. Эмгэн нь түүн рүү улайрсан бух шиг дайрч ирэхэд, өвгөн хий мурьж, хоёул давхар унахдаа тогоотой сүү дайрч унагаснаар барахгүй олон үе дамжин өвгөнд ирсэн галуун хүзүүтийг нядаачихсан билээ. Тэр оройн зодооныг гэрийн гаднаас чагнасан хамар хашааны Пагам авгай сумын төвөөр нэг тарааж орхисны балгаар “Галын хайчаар балбуулсан Банжаа чанга уйлжээ, Жаажаа эмээ аргадаад ганцын зэрэг үнсжээ” гэж сургуулийн хүүхдүүд дуулдаг болж, зургадугаар ангид сурдаг зээ охин нь: “Та хоёр онигоотой юмнаас болоод манай ангийн Болдоо надтай үерхэхээ больчихлоо” гэж уйлж ирээд, өвгөн эмгэн хоёрт учир зүггүй туньж, зуны гурван сар зовоож, одоо л нэг мартагнах янзтай байгаа билээ.
Тогтож ядан аахилж, пар пар ханиалгах хөгшнийг сургуулийн үүдэнд оочерт зогсох том бага гарын наймаачид ёозгүй харна. Төв хаалганы довжоон дээр Данигай панз ам дүүрэн алтан шүд гялалзуулан, пан пан дуугарч, хуучин цагийн намын үүрийн дарга адил ихэмсэг гэдийж зогсоод,
-Хойд хаалга, аваарын шатыг чадалтай хүмүүсээр мануулъя! гэхчилэн олон түмнийг зохицуулна.
-Зөв! Бүх нүх сүвийг мана! Бас сайн морьтой хүн хэрэгтэй, янзага Довчин гарч зугтвал гүйцэгдэхгүй шүү та минь гэж хүмүүс ам амандаа шуугилдав. Нар баруунаа хэлбийж, цугласан олон ид чилж байх үед сургууль цалингаа тавьж эхэллээ. Хамгийн түрүүнд цалингаа тоолсоор гарч ирсэн нийгмийн ухааны шинэхэн багш бүсгүйг ТҮЦ-ийнхэн бүчиж авлаа. Бүсгүй өрөө төлсөөр нэг ч төгрөггүй болоход галзуу Мядаг сарын эхэнд зээлээр өгсөн гутлын үнэ хэмээн, түнтийтэл уурлан, гутлыг нь мулт татан тайлж авлаа. Баян Жамбалын авгай арван гурван ширхэг алимны үнэ, мянга гурван зуун төгрөгөө нэхэж,
-Хоёр зуун борлонтой баян нагацаар чинь төлүүлнэ гээд бүсгүйг заамдаж аваад хоёр нүцгэн хөлөөр нь зам татуулан чирч одов. Хөөрхий багш нар мөнгөө элгэндээ тэврэн, нярвын өрөөнд хэсэг зуур зогсоод, санаа алдан, гадагшаа дэлгүүрийн эзэд рүү очиж байлаа.
Банжаа гуай хамгийн түрүүнд шар Давааг барьж авахаар хаалганы дэргэд мяраан зогсоно. Дахиад л дуу шуугиан боллоо. Балин хамрынхаа хоёр талаар найман эгнээ улаан зам татуулан маажуулсан ченж Самдан бархирч байна. Түүнийг галзуу Мядаг маажчихжээ. Мядаг, Самдан хоёул шар Даваагаас тавин мянгын авлагатай, хэн нь түүний цалинг авахаа шийдэж байгаа болохыг сонссон хөгшин: “Мядаг, хөөрхий минь, галзуу юм шиг ч гэсэн цайлган охин. Сургуулийн энэ сарын цалингаас мөнгөө олж ирэхгүй бол улаан тамхиа хасуулах гээд байгаа гэж үнэнээ хэлээд гуйвал үгүй гэхгүй” хэмээн бодоод, Мядаг руу дөхлөө. Хэн нэг нь:
-Банкны эрхлэгч Банзар Даваагийн цалинг бүгдийг нь өрөнд суутгачихсан гэх нь дуулдлаа. Банжаа гуай: “Хурга Ядам шиг уруу царайлчихаад, хүний тамхи гувшиж явалтай биш” гэж бодогдон, сэтгэлээр уначихлаа. “Хэн нэгнээс мянган төгрөг зээлье. Хариад самгандаа худлаа хэлчихдэг хэрэг” гэсэн мэргэн санаа өвгөний толгойд харван орж ирж, мөнгө зээлчих боломжийн хүн хайн, тойруулан харлаа. Тэгтэл цагаан тоос хуйлран, газар доргиж, морьтой явган хүмүүс нижигнэн хөдлөв. Биеийн тамирын багш янзага Довчин зугтаачихжээ. Тэрбээр хол тасархай цахилж явна. Гүйцэхгүй гэдгээ мэдэрсэн олон хий хашгирч гуагачин нэхэж явснаа ганц нэгээрээ цувран хөөхөө больж байна. Үүнтэй зэрэгцэн сургуулийн дээвэр дээр цэнхэр утаа хаялан мотор асч, гурвалжин шар юм далбилзан хөөрлөө. Хүмүүс дэмий л:
-Хэн бэ? Хэн бэ? гэж бие биенээсээ асууцгаана.
-Захирал л байна, золиг гэж Банжаа алслан нисэх, муухай дуутай шар юмны доороос дүүжилсэн сандал дээрх хүнийг дагуулан дурандангаа ууртай хэлэв. Захирлаас авлагатай хүмүүсийн нэг нь:
-Марз уулын орой мөргөөд сөнөөсэй! гэж хараав.
-Нүгэл гэм, захирал үхчихвэл өрийг нь хэн бидэнд төлөх вэ? гэж бусад нь түүнийг загналаа. Хоёр ч багш ирж цалингаа авсангүй. Дэлбэртлээ уурласан хэдэн хүн тэр хоёрыг чирч ирж, цалинг нь “авахуулахаар” явлаа. Гэгээ тасарч тэнгэрт ганц хоёр од үзэгдэх үед Банжаа гуай гудамжны ноход шуугиулан гэр өөдөө алхаж байв.
-Мядагт самардуулбал, хүүхдүүд “Галзуу Мядагт самардуулаад Банжаа чанга уйлжээ” гэж дуулна. Зээгийн ангийнхан ч бас дуулж таараа. Тэгж нялх амьтныг нүүр хийх газаргүй болгон зовоож байснаас хурга Ядамтай зэрэгцээд, хүний тамхи руу шунгалж явдаг болсон нь дээр гэж түүнд бодогдов. Хөгшин хурдаа нэмэн түргэн түргэн алхаллаа. Арван хэдэн хүний хонгоны маханд соёогоо шигтгэж, “Долгор эмчийн зуудаг хар” хэмээгдэн сум даяар зард гарсан бяруу шиг том хар нохой түүн рүү дайрч ирэхэд нам өшиглөж унагаалаа. Банжаа гуай “Муу улиан чамайг” гэж үглэнгээ хашааныхаа хаалгыг пижигнүүлэн чанга чанга балбалаа.

/Анх хэвлэлд нийтлүүлсэн өгүүллэг минь болой/
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates