(хөрөг)
Алдаж болохгүй... “ТЭЦ-4” хэмээх том цахилгаан станцын Турбин цехийн машинист гэхийг сонссон хэн хүний бодолд ширвээ сахалтай, ширүүн харцтай, шөрмөслөг чийрэг эр ургана. Гэтэл станцын ажилчид нь шонх Нараа хэмээн өхөөрдөх хочлохын хооронд дууддаг, жижигхэн бүсгүй энэ албыг залгуулдаг. Станцын ажил хүнд. “Эвдрэл гарчих вий. Алдаа гаргаад машинаа зогсоочих вий” гэсэн байнгын сэтгэлийн дарамттай ажиллана. Хэр баргийн эрийг тогтоомгүй энэ дарамтыг турьхан эмэгтэй хаанаа тээж, яаж дааж явдаг юм бол доо гэмээр.
1991 онд болсон явдал Нараагийн санаанаас гардаггүй. Турбиний 5 дугаар машины тохируулгын систем гэмтэлтэй гэдгийг хэн ч мэдээгүй байлаа. Хянах самбарт бүх юм хэвийн зааж байсан хэрэг. Графикийн дагуу 4 ба 6 дугаар машиныг явуулах ёстой учир ном дүрмээ баримтлан 5 дугаар машинаа зогсоотол “түс тас түс” гэсэн муухай дуу гарч, гэрэл унтарч харанхуйлснаа буцаж асах нь тэр. “Яав, ийв” хэмээн тэвдэж, сандран харвал машины клапан уурын хаалт нь онгорхой үлдчихсэн байлаа. Өндөр даралттай уур шугам хоолойг зад татаж, хоолой тасран доош унаж, уур манан хадав. Станцад том осол гарах нь энэ.
Бүх дарга нар дуудагдаж ирлээ. Ирсэн хүн бүр юуны түрүүнд “Хүний амь эрсдээгүй биз?” хэмээн түгшсэн нүдтэй асуугаад, “Хүн эрсдээгүй л бол, бусад нь болно оо” гэж хэлээд амьсгаа авна. Шөнийн ээлжинд гарсан машинист бүсгүй өглөө буухгүйгээр өдөржин ажиллаж, хоолонд ч орж чадахгүй байгааг ажигласан дарга нь түүнийг хоолны газар руу бараг чирэх шахам орууллаа.
-Үгүй, би хоолонд орохгүй.
-Битгий уйл!.. Энэ чиний буруу биш. Техникийн буруу!
Ийм яриа дарга машинист хоёрын хооронд болов. Бүр орой гэртээ очсон хойноо ч уйлсаар л байсан гэдэг. Сэтгэл маш гүн хямралд автсан байлаа.
Хэрэв машины ойр хүн байсан бол түлэгдэж, амь насаа алдаж, аюул болох байж. Энэ алдаа станцад хэдэн саяар тооцох хохирол учруулсан байдаг. Энэ мэтчилэн том бага ослоор машинаа зогсоож уйлах үе зөндөө. Алдаан дээрээсээ л суралцаж, шинэ тоног төхөөрөмжийн учрыг өөрсдөө л олно. Машинистын хариуцлага дэндүү өндөр.
Зүүдэнд ч ороогүй хуваарь1979 оны хавар Пүрэвжавын Наранцэцэг гэх жижигхэн шөнтгөр охин Дарханы политехникумын дулааны ангид суралцаж эхлэв. Нэг багш нь яагаад ч юм “кочегар болно шүү, та нар” гэж байн байн хэлнэ. Наранцэцэг уурын зуухны бөөн утаа тортгон дунд, ам хамраа битүү боочихоод, улаан галаар төөнөх зуухны ам руу том гэгчийн хүрзээ дааж ядан нүүрс шидлэн зогсож байгаагаар өөрийгөө төсөөлнө. Аймшигтай. “Яаж кочегар хийнэ ээ, яаж тэр нүүрсийг нь зөөнө дөө” гэж охид хоорондоо ярьж, шанална.
Тэгээд ч тэр энэ мэргэжлээ өөрөө сонгоогүй. Ангидаа хамгийн сүүлд жагсдаг намхан охин “оёдолчин болно” гэсэн бодолтой, “кочегар” хийх тухай зүүдлээ ч үгүй явж. Дарханд наймдугаар анги төгсөөд Политехникумын нефтийн ангийг сонгоод, “мөрөөддөг мэргэжил нь биш ч гэлээ эмэгтэй хүнд тохирох гоё ангид орох нээ” гэж баярлаж байтал нь “Орхон”-ы сангийн аж ахуйн захирал арын хаалгадаад хуваарийг нь дүүдээ өгчихдөг байгаа. Ээж, ангийн багш хоёр нь хөөцөлдөж үзсэн боловч нэмэр болсонгүй. Шалгалтын комиссынхон ардын хүүхдийг хоосон үлдээж хэл ам татлахаас жийрхэж дулааны ангийн хуваарь өгөөд, “орчихсон хойноо мэргэжлээ сольж болдог юм” гэж хуурсан нь тэр байлаа.
Юм бүхэн хаалттай байсан цаг. Хорвоогийн бор хоногууд ар араасаа цуварч, Наранцэцэг хичээлдээ гүйсээр. Нэг сургуулиа хаяж нөгөө сургуулийг сонгоно гэдэг, социалист монголоо орхиж хөрөнгөтөн америкийн иргэн болохтой бараг дүйцэх хэцүү зүйл байв. Аав нь армид улс төрийн орлогчийн албанд насаараа зүтгэсэн хүн болохоор юманд зарчимч.
-Миний охин, юмыг хийвэл хийсэн шиг хий. Сурвал сурсан шиг сур... гэхчлэн сургана.
Харанхуйд үзэгдсэн гэгээ Хоёр жил сурчихсан хэр нь мэргэжлийнхээ тухай төсөөлөлгүй, “кочегар л болж дээ” гэсэн харанхуй бодол нь хэвээрээ. “Сурвал сурсан шиг сур” гэсэн аавын үгийг санан “дэмий л” онц сайн сурна. Харин мэргэжлийн хичээл эхэлж, Оюунгэрэл багшийн ойлгомжтой сайхан лекцүүдээс юмны учир тайлагдаж эхэллээ. Турбиний хичээлийг Мандал багш нь нүдэнд харагдтал заав. Станцад дагуулж очиж турбин гэгчийг үзүүллээ. Тэрнээс хойш л турбинээр дагнаж суралцах бодол төрж, санаандгүй учирсан мэргэжлээ жинхэнээсээ сонирхох болов. Энэ нь харанхуйд гэгээ үзэгдсэнтэй зүйрлэх, санаа бодол уужруулсан сайхан үе эхэлсэн хэрэг байлаа.
1983 оны 5 сарын эхэнд өнөөх хэдэн “кочегар” маань ажиллах станц дээрээ анх ирцгээв. Дулааны ангийг 25-уул төгссөнөөс ес нь Улаанбаатарын “ТЭЦ-4”-т хуваарь авсан нь энэ байлаа.
Гэвч ажиллах турбин нь босох болоогүй, станцынх нь суурь л дөнгөж тавигдаж байлаа. Шугам хоолойнуудын монтажийг орос мэргэжилтнүүд хийж байсан болохоор “шинэков”-уудад хийх ажил байхгүй. Станцын захиргаа тэднийг газар газар луу илгээнэ. Гурилын үйлдвэрт шөнийн ээлжинд гарч, махкомбинатын хиаман цехэд ч ажиллаж үзэв. Зуслан руу татаж байсан цахилгааны шугамын шонгийн нүх ухсан нь мэргэжилдээ хамгийн ойртсон ажил нь болов.
1983 оны 10 сард станц ажиллаж эхлэхэд Наранцэцэг Турбин цехийн төв насос станцын машинист боллоо. Алсаас бүрхээр шиг харагддаг уурын тогоо, гардер дээр ажиллаж эхэлсэн нь энэ. Станцад орж байгаа хүн анх энд ирдэг, турбиний машинист болохын тулд доороос нь эхлэн шат дамжлага бүр дээр ажилладаг жамтай.
Танилцах дадлагын үеэрээ станц дотор нүүр амаа битүү боочихсон цэвэрлэгээ хийгээд зогсож байсан халтар царайтай эгчийг харж инээгээд загнуулж байснаа ангийн найз Энхтуяатайгаа ярьж, хоёр биенээ шоолно. “Одоо тэгтэл өөрсдөө халтар царайлаад зогсож байна” гэж ярилцана. Станцын ажил ийм. Оросын мэргэжилтэн багш нь нямбай байхыг шаардаж, шалан дээр ганц электродны тасархай хэвтэж байхад л цэвэрлэгээ дутуу хийсэн байна гэнэ. Ажил дутуу бол ээлж бууна гэсэн ойлголт байхгүй.
Байлдагчаас бага түрүүчУдалгүй сургууль төгссөн мэргэжилтэй хүн гээд дотогш турбин цех рүү орууллаа. Социалист уралдаан дүгнэж, арчих материал цуглуулж, нормын бээлий оёж, ээлж бригадаараа уралдана. Титов гэх их өндөр оросыг дагалдаж, бойлерын машинист, пенийн машинист гэхчлэн шат дамжлагуудад дараалан ажиллаж, байлдагчаас бага түрүүч гэдэг шиг л шат ахисаар.
90-ээд онд байдал их хүнд байлаа. Байсгээд л станц “орилно”. “Нооль” зогсоно. Техник муу. Пенийн сальник өдөрт хэд задарна. Зогсоохоос өөр аргагүй. Шөнө нойргүй хонож, засна. Шат дамжлага ахих тусам л айдас төрнө. Тоноглол зогсвол тог тасарна, тог тасрахаар хариуцлага хүлээнэ.
1986 онд туслах тоноглолын машинист хийж байтал, турбиний машинист бол гэлээ. “Хийж чадахгүй байх аа” гэж Наранцэцэг их айв. Ээлжийн дарга Гантөмөр: “Сургуулийг нь төгссөн юм чинь. Мэргэжил эзэмш” гэж шахлаа. Нөхөр болон хамт олноосоо “Хий, чи чадна” гэсэн урмын үг сонсоод зориглов.
Ганц алдахад л хүний амь эрсдэх осол гарч болох өндөр хариуцлагатай ажлыг ингэж л хүлээн авч байжээ. 110 төрлийн параметрийг нэг дэлгэцэн дээр багтаасныг хянаж ажиллана. Энэ нь энгийн хүний нүдэнд Менделеевийн үелэх системийг компьютерийн дэлгэцэнд байрлуулчихсан юм шиг л жирэлзэж харагдана.
Эх орны тулганд гал тасрахгүй “Кочегар” болно доо гээд юугаа ч мэдэхгүй явсан жижигхэн охин станцдаа 23 жил зүтгэж, одоо ажлаа арван хуруу шигээ мэддэг машинист болжээ. Түүний тухай станцынхан ам сайтай. “Нараа эгч их туршлагатай. Инженерүүд бидэнд асар их түшиг болдог хүн” гэж станцын диспетчер, инженерүүд ярина. Станцад анх хөл тавьж байгаа залуучууд ихэвчлэн Наранцэцэгийн шавь болж, түүний гараар дамжиж машинист болдог. Одоо найм дахь шавьтайгаа ажиллаж байна. Наранцэцэг “Багш гэж дуудуулах эрх тэр бүр хүнд олдохгүй” гэж олзуурхаж, бас турбин цехэд анх ирэхэд дарга нь байсан Пүрэвсүрэн, ашиглалтын инженер Жанцанбал нарын олон багш нараараа бахархаж буян санаж явдаг.
83 оныг бодвол станцын тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэж, регулятор автоматууд суурилагдаад, харьцангүй ажил хөнгөрөөд байна. Хуучны тоосон системийг өөрчилж, тээрэмтэй болгосноор осол аваарын түгшүүр ч багасчээ. Хүнд нөхцөлд ажилладаг болохоор цалин хангамж өндөр. Өндөр зэрэгтэй ажилчин сард гар дээрээ 300 мянган төгрөг авах энүүхэнд. Ажилтнуудын амьдрал баталгаатай. Үүндээ тэд өөдрөг явдаг.
“Ажлын гараа ч станцаас эхэлж байлаа. Амьдрал минь ч эндээс эхэлсэн” гэж Наранцэцэг ярьдаг. Нэг ээлжинд ажилладаг Хүрэлбаатар хэмээх залуутай сэтгэл нийлж, гал голомтоо асаагаад олон жил болж, төр улсдаа бүл нэмж явна. Хүү нь ТИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний ангид сурч байгаа. Удахгүй аав ээж шигээ ард олондоо илч гэрэл түгээдэг мэргэжилтэн болно. Охин нь 10 дугаар ангид сурч байна.
Станцынхан баярын үеэр ч амардаггүй нь мэдээж. Шинэ жил, 31-ний орой станцын удирдлага ажлын байранд нь биечлэн ирж баяр хүргэж, бэлэг гардуулна. Баяраар ээлж таарвал хүүхэд шиг л “бэлэг авна” хэмээн баярладаг. Он солигдон шампан дарс тулгах мөчдөө “Бидний хүчинд л Ерөнхийлөгчийн мэндчилгээ орон даяар түгж байгаа” хэмээн бахархана. Ингээд хэдхэн секундын гэж болох ёслолын дараа шууд ажилдаа ордог. Эх орны тулганд гал тасрах ёсгүй.