Monday, February 11, 2008

МЯНГАН ТӨГРӨГ

(шог өгүүллэг)
Банжаа хөгшин мал харахаар сумын төвийн чанх өмнө орших толгодын орой дээр гарч суулаа. Эргэж хармагцаа огло харайн босов. Сургуулийн хаалганаас эхэлсэн урт оочер мушгиран сунаж, сумын төвийн нөгөө зах руу талийсан нь Ленин багшийн бунханг ачиж ирээд сургуулийн хашаанд тавьчихсан мэт харагдана. Банжаа гуай:
-Ээ, Богд минь. Сургуулийн цалин буух нээ гэж амандаа хэлээд ухасхийлээ. Газрын уруу хад чулуу тачигнуулан дүүлж буй хөгшнийг алсаас харсан манлай уяач, ганган Дүүлээ адуу гэж андуурч:
-Миний хурдан зээрд чөдрөө тасдчихаа шив. Чоно нохойноос үргэв үү гэж үглэнгээ дурангаа хайн, өвөр түрийгээ ухан, мунгинаж байтал нь хөгшний бараа аль хэдийнээ тасарсан байлаа.
Банжаа гуай самганыгаа “төсвийнхөнд мөнгө зээлдүүлснээс гээчихсэн нь дээр” гэж үглэсээр байхад тоолгүй, тооны багш шар Даваад мянган төгрөг зээлдүүлчихсэн нь араасаа бөөн балаг чирээд байгаа юм. Түүнээс хойш сургуулийн цалин хэд хэд буусан боловч, Даваа сохор зоос авчирсангүй. Зуны эхэн сард сургуулийн амралтын мөнгө буухад хөгшин бүтэн өдөржин сургуулийн хаалга сахиад хоосон харьснаас гэрт нь дайн гарах дөхсөн юм. Эмгэн нь түүн рүү улайрсан бух шиг дайрч ирэхэд, өвгөн хий мурьж, хоёул давхар унахдаа тогоотой сүү дайрч унагаснаар барахгүй олон үе дамжин өвгөнд ирсэн галуун хүзүүтийг нядаачихсан билээ. Тэр оройн зодооныг гэрийн гаднаас чагнасан хамар хашааны Пагам авгай сумын төвөөр нэг тарааж орхисны балгаар “Галын хайчаар балбуулсан Банжаа чанга уйлжээ, Жаажаа эмээ аргадаад ганцын зэрэг үнсжээ” гэж сургуулийн хүүхдүүд дуулдаг болж, зургадугаар ангид сурдаг зээ охин нь: “Та хоёр онигоотой юмнаас болоод манай ангийн Болдоо надтай үерхэхээ больчихлоо” гэж уйлж ирээд, өвгөн эмгэн хоёрт учир зүггүй туньж, зуны гурван сар зовоож, одоо л нэг мартагнах янзтай байгаа билээ.
Тогтож ядан аахилж, пар пар ханиалгах хөгшнийг сургуулийн үүдэнд оочерт зогсох том бага гарын наймаачид ёозгүй харна. Төв хаалганы довжоон дээр Данигай панз ам дүүрэн алтан шүд гялалзуулан, пан пан дуугарч, хуучин цагийн намын үүрийн дарга адил ихэмсэг гэдийж зогсоод,
-Хойд хаалга, аваарын шатыг чадалтай хүмүүсээр мануулъя! гэхчилэн олон түмнийг зохицуулна.
-Зөв! Бүх нүх сүвийг мана! Бас сайн морьтой хүн хэрэгтэй, янзага Довчин гарч зугтвал гүйцэгдэхгүй шүү та минь гэж хүмүүс ам амандаа шуугилдав. Нар баруунаа хэлбийж, цугласан олон ид чилж байх үед сургууль цалингаа тавьж эхэллээ. Хамгийн түрүүнд цалингаа тоолсоор гарч ирсэн нийгмийн ухааны шинэхэн багш бүсгүйг ТҮЦ-ийнхэн бүчиж авлаа. Бүсгүй өрөө төлсөөр нэг ч төгрөггүй болоход галзуу Мядаг сарын эхэнд зээлээр өгсөн гутлын үнэ хэмээн, түнтийтэл уурлан, гутлыг нь мулт татан тайлж авлаа. Баян Жамбалын авгай арван гурван ширхэг алимны үнэ, мянга гурван зуун төгрөгөө нэхэж,
-Хоёр зуун борлонтой баян нагацаар чинь төлүүлнэ гээд бүсгүйг заамдаж аваад хоёр нүцгэн хөлөөр нь зам татуулан чирч одов. Хөөрхий багш нар мөнгөө элгэндээ тэврэн, нярвын өрөөнд хэсэг зуур зогсоод, санаа алдан, гадагшаа дэлгүүрийн эзэд рүү очиж байлаа.
Банжаа гуай хамгийн түрүүнд шар Давааг барьж авахаар хаалганы дэргэд мяраан зогсоно. Дахиад л дуу шуугиан боллоо. Балин хамрынхаа хоёр талаар найман эгнээ улаан зам татуулан маажуулсан ченж Самдан бархирч байна. Түүнийг галзуу Мядаг маажчихжээ. Мядаг, Самдан хоёул шар Даваагаас тавин мянгын авлагатай, хэн нь түүний цалинг авахаа шийдэж байгаа болохыг сонссон хөгшин: “Мядаг, хөөрхий минь, галзуу юм шиг ч гэсэн цайлган охин. Сургуулийн энэ сарын цалингаас мөнгөө олж ирэхгүй бол улаан тамхиа хасуулах гээд байгаа гэж үнэнээ хэлээд гуйвал үгүй гэхгүй” хэмээн бодоод, Мядаг руу дөхлөө. Хэн нэг нь:
-Банкны эрхлэгч Банзар Даваагийн цалинг бүгдийг нь өрөнд суутгачихсан гэх нь дуулдлаа. Банжаа гуай: “Хурга Ядам шиг уруу царайлчихаад, хүний тамхи гувшиж явалтай биш” гэж бодогдон, сэтгэлээр уначихлаа. “Хэн нэгнээс мянган төгрөг зээлье. Хариад самгандаа худлаа хэлчихдэг хэрэг” гэсэн мэргэн санаа өвгөний толгойд харван орж ирж, мөнгө зээлчих боломжийн хүн хайн, тойруулан харлаа. Тэгтэл цагаан тоос хуйлран, газар доргиж, морьтой явган хүмүүс нижигнэн хөдлөв. Биеийн тамирын багш янзага Довчин зугтаачихжээ. Тэрбээр хол тасархай цахилж явна. Гүйцэхгүй гэдгээ мэдэрсэн олон хий хашгирч гуагачин нэхэж явснаа ганц нэгээрээ цувран хөөхөө больж байна. Үүнтэй зэрэгцэн сургуулийн дээвэр дээр цэнхэр утаа хаялан мотор асч, гурвалжин шар юм далбилзан хөөрлөө. Хүмүүс дэмий л:
-Хэн бэ? Хэн бэ? гэж бие биенээсээ асууцгаана.
-Захирал л байна, золиг гэж Банжаа алслан нисэх, муухай дуутай шар юмны доороос дүүжилсэн сандал дээрх хүнийг дагуулан дурандангаа ууртай хэлэв. Захирлаас авлагатай хүмүүсийн нэг нь:
-Марз уулын орой мөргөөд сөнөөсэй! гэж хараав.
-Нүгэл гэм, захирал үхчихвэл өрийг нь хэн бидэнд төлөх вэ? гэж бусад нь түүнийг загналаа. Хоёр ч багш ирж цалингаа авсангүй. Дэлбэртлээ уурласан хэдэн хүн тэр хоёрыг чирч ирж, цалинг нь “авахуулахаар” явлаа. Гэгээ тасарч тэнгэрт ганц хоёр од үзэгдэх үед Банжаа гуай гудамжны ноход шуугиулан гэр өөдөө алхаж байв.
-Мядагт самардуулбал, хүүхдүүд “Галзуу Мядагт самардуулаад Банжаа чанга уйлжээ” гэж дуулна. Зээгийн ангийнхан ч бас дуулж таараа. Тэгж нялх амьтныг нүүр хийх газаргүй болгон зовоож байснаас хурга Ядамтай зэрэгцээд, хүний тамхи руу шунгалж явдаг болсон нь дээр гэж түүнд бодогдов. Хөгшин хурдаа нэмэн түргэн түргэн алхаллаа. Арван хэдэн хүний хонгоны маханд соёогоо шигтгэж, “Долгор эмчийн зуудаг хар” хэмээгдэн сум даяар зард гарсан бяруу шиг том хар нохой түүн рүү дайрч ирэхэд нам өшиглөж унагаалаа. Банжаа гуай “Муу улиан чамайг” гэж үглэнгээ хашааныхаа хаалгыг пижигнүүлэн чанга чанга балбалаа.

/Анх хэвлэлд нийтлүүлсэн өгүүллэг минь болой/

Monday, January 28, 2008

МАЛЧИН БОЛООГҮЙ ХҮН

/хөрөг/
Өрхийн тэргүүн
Ухаа Аргалантад нэгэн айл нутаглана. Шилүүстэй сумын хурган дарга нар энэ айлд буусан тухайгаа “Цэнддоо хүүхдийнх өвс тэжээл хангалттай, мал нь сайн өвөлжиж байна” хэмээн нэгдлийн даргадаа илтгэнэ. Тэр өрхөд сургуульд орох болоогүй шөвгөр шар хүү, хүүгийн хөгшин ээж хоёр бүртгэлтэй. Сумаас “Соёл бригадын малчин Цэнддоод төдөн кило мах, тэдэн литр сүү тушаах албан ноогдол оногдуулсан болно. Энэ бүхнийг та сайн дурын үндсэн дээр тушаах ёстой” гэсэн улаан тамгатай бичиг ирнэ. Аавынхаа гэрт бус хөгшин ээж дээрээ байх хүүгийн нэрээр Шилүүстэйд нэгэн өрх данслагдсан нь эднийх байлаа.
1970 онд өрхийн тэргүүн гуай найман нас хүрч сургуульд орсноор сумын төвд нүүж ирлээ. Энд кино гэж нэг айхавтар гоё юм гарах. Тавин мөнгөний үнэтэй. Цэнддоо гарсан кино бүрийг үзэх сонирхолтой бол хөгшин ээж нь “Дайн байлдаан, алаан хядаантай киног хүүхэд үзэх муу” хэмээн хорино. Хааяа л нэг мөнгө өгнө. Хүү, хөгшин ээжийнхээ хөлд суух арга сэднэ.
-Энэ өрхийн чинь тэргүүн би билүү, та билүү?
-Иш, миний хүү байлгүй яахав!
-За тэгвэл мөнгөө би барьж байя гэсэн яриа хийж үзсэн нь ч бий.
1980 онд өрхийн тэргүүн Улаанбаатарт суралцахаар одоход “Одоо танайхыг танаар нэрлэнэ” гэж сумын удирдлагууд хэлэхэд хөгшин ээж “Юу ярьж байгаа юм? Миний хүүг амьд байхад” хэмээн уурласан гэдэг. “Монгол улсын түүхэнд хоёр өрхийг зэрэг толгойлсон анхны хүн дээ, би” гээд Цэнддоо инээдэг.
Кино механикч
Хөгшин ээжээс тавин мөнгө ивэлгэх арга саам ховордсоор. Кино механикчийн хоёр хүү нэг ангид сурдаг байсныг мань эр дааж аван, хичээл давтуулдаг болов. Механикчийн хүүхдүүдийн талаар багш нарын ам ч сайжирлаа. Ингээд кинонд үнэгүй орох эрхтэй болох нь тэр. Удалгүй тэрхүү кино механикч Очиржав гуайн хичээллүүлдэг “Өсвөрийн кино механикч” дугуйланд элсэн суралцаж, кино гаргадаг болж “томров”. Дунд ангийн сурагч “өсвөрийн кино механикч” дотуур байрнаасаа уригдаж залагдан, оройн кино гаргах болов. Долоо хоногт ганцхан удаа бүтэн сайнд гардаг кино гэгч тэр чухал юмыг хэзээ ч үзэх бүрэн эрхтэй хүн суманд ганц Цэнддоо л байж.
Малчин бүү бол...
Хөгшин ээж нь “Сургууль соёлын мөр хөө. Миний хүү, малчин болж энд үлдэх ёсгүй” гэж байнга захина. Дал наяад онд мал өсгөх ажилд улс онцгой анхаарал тавьж байлаа. Орон даяар сумдын сургуулийн гуравдугаар улирлын амралтыг урт болгож малчдын хүүхдүүдийг социалист өмчийг өсгөн үржүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.
Цэнддоогийн өвөлжөөний баруун оройгоос сумын төв ил харагдана. Хурганы уут үүрээд хонь хариулж явахдаа сумын төв рүү байн байн дурандаж мөсөн дээр гулган тоглох хүүхдүүдийг харж, “Ямар азтай нь сумын төвийн айлын хүүхэд болж төрдөг байна аа” гэж атаархана. “Нам засаг ямар энэрэнгүй бус байна аа” ч гэж бодно. Хөгшин ээжийн хэлсэн үгийг “нам засаг” ийнхүү яс маханд нь шингэтэл мэдрүүлсэн хэрэг. Тэрхүү сарын “амралт” бүтэн жил шиг л санагдаж, арайхийн нэг юм дуусдаг байв. Тэгээд ч дулаан дотуур байранд бэлэн хоол идчихээд, “нийгмийн халамж”-д байгаа хүүхдүүд малаас зугтаадаг болох нь мэдээж. Цэнддоогийн “Голын тэртээх гацааны хавар” номоос энэ бүхэн нүдний өмнө дурайн тодордог.
Арын хаалга
Далаад оны хүүхдүүд ном их уншина. Цэнддоо ч мөн адил номноос салахгүй. Нэг өдөр хүү сумынхаа номын санд анх орж үзээд, ийм олон ном байдаг аа гэж гайхан, лусын санд ороод ирчихсэн юм шиг л санаж алмайрч байж. Сумын номын сангийн эрхлэгч Марууш гуай Цэнддоод их сайн. Номын сангийн эрхлэгч ном уншдаг хүнд сайн байхаас ч яахав, дуртай номоо шилж, хоногоор авч уншдаг болов. Анх удаа арын хаалга гэдэг юмны бариулыг атгаж үзсэн хэрэг.
Номтой холбоотой сонин түүх түүний амьдралд их. Аймгийн сургуульд ирж ном уншдаг олон хүүхэдтэй найз болсны нэг, Эрдэнэхайрхан сумын Бат-Очир гэх хүү “номын хулгай бол хулгай биш” гэх үг дуулаад сумын номын сангаасаа шуудай ном хулгай хийсэн паянтай. Тэр “социалист өмч хулгайлсан” хэрэгт татагдах дөхсөнөө ярина. Номыг нүдэнд харагдтал ярьж өгөх найз ч таарна. Хоёр сумын зааг Хужиртайн голд зусаж байхад нь Отгон сумын хүү тааралдаж Наваансүрэнгийн “Минжий Хангай”-г хоёр өдөр хонины ээлж тааруулж ярьж өгсөн нь санаанаас гардаггүй. Сүүлд нь тэр номоо аваад унштал тэр нөхрийн ярьж өгсөнд ерөөсөө хүрээгүй гэдэг. Өнгөтөөр ярина гэдэг л тэр байж.
Хүндтэй бас хөдөлмөр өдөртэй
“Монцамэ” агентлагт насаараа сурвалжлагчаар ажилласан Цэрэннамжил гуай тэр үед Шилүүстэйд багш хийж байж. Түүний удирддаг уран зохиолын дугуйланд Цэнддоо явж, шүлэг бичнэ. Удалгүй “Пионерийн үнэн” сонинд шүлгээ нийтлүүлэв. Аймгийн зохиолчдын номд шүлэг нь орж хөл газар хүргэлгүй хөөр болж байсан нь санаанаас нь гардаггүй. Ном сонинд бүтээл оруулна гэдэг их том хэрэг байсан учир сурагчид, багш нарын дунд хүндтэй. Түүгээр ч барахгүй Эвлэлийн хороогоор дамжин бичлэгийн шагнал нь ирж бас “хөдөлмөр өдөр”-тэй золгов. Найзууддаа чихэр авч өгч томордог боллоо.
Ер нь яаж яваад зохиолч болчихсон бэ? гэх жижүүрийн асуултад Цэнддоо их хоржоонтой хариу барьдаг. “Хүмүүс, тэр ч эмээ минь, энэ ч өвөө минь над уран зохиолын авшиг өгсөн гэцгээдэг. Над бол тийм юм байхгүй” гэж хэлээд инээнэ. “Бас одооны хүмүүс харц малчин гаралтай гэхээ болиод тайж угсаатай гэж намтар түүхээ ярих нь их болсон. Харин би бол ядуу малчин ардын л хүүхэд” гэнэ.
Ухаа Аргалант гэх түүний бага нас өнгөрсөн өвөлжөө нь их сайхан газар. Завхан голын хойд эргийг эмжин орших хүрэн уулсын бараг оройд шахам урагшаа харсан задгай аман дахь өвөлжөөнөөс нь Дэлгэр, Гуулингийн тал цэлийн униартаж, цаахнатай нь Алтайн нурууны салбар уулс номин цэнхэртэн дүнхийнэ. “Тэр өндрөөс нэг их гоё цэлийсэн тал харагддаг. Шөнө түүгээр гэрэл гялалзаад л машин явна. Өдөр нь тоос татаад л. Хүн мөрөөдөмтгий болохгүй байхын аргагүй. Алсад Сэрхийн нуруу нэг их гоё хөх цэнхэр уул харагдана. Үлгэрийн юм шиг. Тийшээ явж үзэх юмсан, хөв хөх чулуутай, хөв хөх өвс ургамал ургадаг байх даа гэж боддог байж” хэмээн бага нас, нутгаа дурсах дуртай.
“Тэнэг”
Аравдугаар ангиа төгсөөд, конкурс гэгчид орж МУИС-ийн сэтгүүл зүйн анги авлаа. Тэгтэл бөөн шуугиан тарих нь тэр! Бүхэл бүтэн аймгийн тэр олон хүүхдээс хоёрдугаар байрт шалгарчихаад дотоодын хуваарь авдаг “тэнэг” хэмээн цоллуулав. Ардчилсан Герман, Ташкентийн их сургуулийн хууль зүйн анги гээд гадаадын хуваарь байсныг тоогоогүй хэрэг. Зарим нэг багш нь уурлан “Үгүй чи чинь, тийм сайхан хуваарь байсаар байтал авдаггүй янзын хүүхэд вэ” хэмээн загнаж зандарч ч үзжээ.
Филатоваг үл тоов
Их сургуульд шүлэг зохиолоо үргэлжлүүлэн бичсээр. Тавдугаар курсдээ “Цог” сэтгүүлийн “Оч” буланд зурагтай шүлэгтэйгээ гарч бөөн баяр болов. Шагналаа авч найзуудаа дайлж баярлаад таваг хагалсан хэргээр цагдаад баригдлаа. Өнөөх нь гай болж “Хүүхдийн төлөө фонд”-ын таваг болж таарав. Ингээд л “Цэдэнбал Филатоваг үл тоомсорлосон хэрэг” үүсч, сургуулиас хөөхдөө тулж, Дулам, Долгоржав багш нар нь хөөцөлдсөний хүчинд арай гэж нэг жилийн чөлөө болж байв.
Хойтон нь Цэдэнбал, Филатоватангууд нь хувь заяаны шоглоомоор ч юм шиг унахад, Түдэв гуай Цэнддоог “Үнэн” сониндоо авав. Хэдий амаргүй үе байсан ч Түдэв эрхлэгч Ху намын төв хэвлэлд өөр уур амьсгал оруулахаар зүтгэж, Цэрэнжав, хоёр Батмөнх нарын сэтгүүлчид, гэрэл зурагчин Цацралт, шог зураач Цогтбаяр зэрэг залуусаар цус сэлбэж байсан нь тэр.
Тэгж байтал анхны номыг нь Д.Сүрэнжав гуай өлгийдөж “Шинэ нахиа” нэртэй гурван залуугийн шүлгийн хамтарсан түүвэр болгон хэвлүүлэв. Дараа нь “Амь халуун” хэмээх анхны бие даасан шүлгийн номоо хэвлүүлсэн байдаг. Харин ерээд онд “Үг” сонинд очсоноор фельетон бичиж эхэлжээ. “Харахад эсрэг тэсрэг юм шиг боловч яруу найраг, шог зохиол хоёр чинь их ойрхон эд шүү дээ” гэж тэр хэлдэг.
Цөлөгдөх юм хийсэн нь...
Ажилд орсон жилээ Октябрийн баярын жагсаалд явж байтал Байды гуай түүнд “За, энэ талбай дээр чинь уул нь ингэж жагсаж байх газар биш, цам харайж байх ёстой юм ш дээ” л гэж. Шинэ залуугийн нүд орой дээрээ гарчихаж. Надаар үг алдуулах гээд байгаа юм биш байгаа гэж ч хүртэл бодогдсон гэдэг. Яваандаа “Тоншуул”-ынхантай танилцав. Тийшээ орж аймаар хэрнээ чагнаад зогсоод баймаар цууралтыг нь сонсоно.
Цэнддоо 1989 онд “Малыг малчдад” нийтлэлээ бичээд, их айсан гэдэг. “Хөдөлмөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Ганболдод бичсэнээ аваачиж өгөөд, намайг Москва руу явсан хойно л тавиарай гэж захижээ. Буцаад, онгоцны буудалд буутал нь нэг танил нь гүйж ирээд, “За, зарим нь их буруу гээд, зарим нь зөв гээд л байна” гэхэд нь дотор палхийж, “Би ч буруу юм хийчихэв үү дээ” гэж бодогдов. “Ингэж чөлөөтэй юм шиг хөдөлгөж байгаад л, гэнэт сэхээтний төөрөгдөл гээд л буцаагаад алчихдаг юм шүү” гэж хашир нэг нь айлгана. Нээрээ нялх нойтон хүүхэдтэй минь цөлчих вий гэж их айна. Тэгж байтал 90 он гарч ардчилсан хөдөлгөөн эхэлж санаа амраав. Нэгдэлжих хөдөлгөөнийг мэдэхгүй 1962 онд төрсөн залуу, сэтгүүлчийн мэдрэмжээр энэ өгүүллийг бичсэн хэрэг. Нэгдэл гэдэг юм ерөөсөө л болохгүй байна гэдэг санааг нь хүмүүс их талархаж хүлээж авсан байдаг.
“Зөв юмыг түрүүлж дуугарч, зориг гаргаж чадсандаа бахархаж явдаг. Энэ бүх үзэл бий болоход 1984 онд Баабартай танилцсан маань их нөлөөлсөн” гэж тэр ярина. Тэр үед Польшид сурдаг гэх залуу оюутнуудтай уулзаж, гар бичмэлүүдээ уншуулж явсантай ойртож танилцсан хэрэг.
...Монголд фельетон гэгчийг бий болгосон шог зохиолчийн тухай өгүүлэхэд ийм байх юм. Сүүлийн жилүүдэд “Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгчийн цаг наргүй албыг залгуулах зуураа энэ хүн “Хаврын арван долоон учрал”, “Ерээд оны Тунгалаг Тамир”, “Голын тэртээх гацааны хавар”, “Марко Поло Монголд байсан нь”, “Соёлоор довтлох морьтон” гээд олон ном туурвиж, уншигчдадаа хүргэжээ. Бямбажавын Цэнддоо хөгшин ээжийнхээ захиасыг биелүүлжээ. Тэр малчин болоогүй хүн.

Friday, January 18, 2008

ГАЛЫН БУРХАН

(хөрөг)
Алдаж болохгүй...
“ТЭЦ-4” хэмээх том цахилгаан станцын Турбин цехийн машинист гэхийг сонссон хэн хүний бодолд ширвээ сахалтай, ширүүн харцтай, шөрмөслөг чийрэг эр ургана. Гэтэл станцын ажилчид нь шонх Нараа хэмээн өхөөрдөх хочлохын хооронд дууддаг, жижигхэн бүсгүй энэ албыг залгуулдаг. Станцын ажил хүнд. “Эвдрэл гарчих вий. Алдаа гаргаад машинаа зогсоочих вий” гэсэн байнгын сэтгэлийн дарамттай ажиллана. Хэр баргийн эрийг тогтоомгүй энэ дарамтыг турьхан эмэгтэй хаанаа тээж, яаж дааж явдаг юм бол доо гэмээр.
1991 онд болсон явдал Нараагийн санаанаас гардаггүй. Турбиний 5 дугаар машины тохируулгын систем гэмтэлтэй гэдгийг хэн ч мэдээгүй байлаа. Хянах самбарт бүх юм хэвийн зааж байсан хэрэг. Графикийн дагуу 4 ба 6 дугаар машиныг явуулах ёстой учир ном дүрмээ баримтлан 5 дугаар машинаа зогсоотол “түс тас түс” гэсэн муухай дуу гарч, гэрэл унтарч харанхуйлснаа буцаж асах нь тэр. “Яав, ийв” хэмээн тэвдэж, сандран харвал машины клапан уурын хаалт нь онгорхой үлдчихсэн байлаа. Өндөр даралттай уур шугам хоолойг зад татаж, хоолой тасран доош унаж, уур манан хадав. Станцад том осол гарах нь энэ.
Бүх дарга нар дуудагдаж ирлээ. Ирсэн хүн бүр юуны түрүүнд “Хүний амь эрсдээгүй биз?” хэмээн түгшсэн нүдтэй асуугаад, “Хүн эрсдээгүй л бол, бусад нь болно оо” гэж хэлээд амьсгаа авна. Шөнийн ээлжинд гарсан машинист бүсгүй өглөө буухгүйгээр өдөржин ажиллаж, хоолонд ч орж чадахгүй байгааг ажигласан дарга нь түүнийг хоолны газар руу бараг чирэх шахам орууллаа.
-Үгүй, би хоолонд орохгүй.
-Битгий уйл!.. Энэ чиний буруу биш. Техникийн буруу!
Ийм яриа дарга машинист хоёрын хооронд болов. Бүр орой гэртээ очсон хойноо ч уйлсаар л байсан гэдэг. Сэтгэл маш гүн хямралд автсан байлаа.
Хэрэв машины ойр хүн байсан бол түлэгдэж, амь насаа алдаж, аюул болох байж. Энэ алдаа станцад хэдэн саяар тооцох хохирол учруулсан байдаг. Энэ мэтчилэн том бага ослоор машинаа зогсоож уйлах үе зөндөө. Алдаан дээрээсээ л суралцаж, шинэ тоног төхөөрөмжийн учрыг өөрсдөө л олно. Машинистын хариуцлага дэндүү өндөр.
Зүүдэнд ч ороогүй хуваарь
1979 оны хавар Пүрэвжавын Наранцэцэг гэх жижигхэн шөнтгөр охин Дарханы политехникумын дулааны ангид суралцаж эхлэв. Нэг багш нь яагаад ч юм “кочегар болно шүү, та нар” гэж байн байн хэлнэ. Наранцэцэг уурын зуухны бөөн утаа тортгон дунд, ам хамраа битүү боочихоод, улаан галаар төөнөх зуухны ам руу том гэгчийн хүрзээ дааж ядан нүүрс шидлэн зогсож байгаагаар өөрийгөө төсөөлнө. Аймшигтай. “Яаж кочегар хийнэ ээ, яаж тэр нүүрсийг нь зөөнө дөө” гэж охид хоорондоо ярьж, шанална.
Тэгээд ч тэр энэ мэргэжлээ өөрөө сонгоогүй. Ангидаа хамгийн сүүлд жагсдаг намхан охин “оёдолчин болно” гэсэн бодолтой, “кочегар” хийх тухай зүүдлээ ч үгүй явж. Дарханд наймдугаар анги төгсөөд Политехникумын нефтийн ангийг сонгоод, “мөрөөддөг мэргэжил нь биш ч гэлээ эмэгтэй хүнд тохирох гоё ангид орох нээ” гэж баярлаж байтал нь “Орхон”-ы сангийн аж ахуйн захирал арын хаалгадаад хуваарийг нь дүүдээ өгчихдөг байгаа. Ээж, ангийн багш хоёр нь хөөцөлдөж үзсэн боловч нэмэр болсонгүй. Шалгалтын комиссынхон ардын хүүхдийг хоосон үлдээж хэл ам татлахаас жийрхэж дулааны ангийн хуваарь өгөөд, “орчихсон хойноо мэргэжлээ сольж болдог юм” гэж хуурсан нь тэр байлаа.
Юм бүхэн хаалттай байсан цаг. Хорвоогийн бор хоногууд ар араасаа цуварч, Наранцэцэг хичээлдээ гүйсээр. Нэг сургуулиа хаяж нөгөө сургуулийг сонгоно гэдэг, социалист монголоо орхиж хөрөнгөтөн америкийн иргэн болохтой бараг дүйцэх хэцүү зүйл байв. Аав нь армид улс төрийн орлогчийн албанд насаараа зүтгэсэн хүн болохоор юманд зарчимч.
-Миний охин, юмыг хийвэл хийсэн шиг хий. Сурвал сурсан шиг сур... гэхчлэн сургана.
Харанхуйд үзэгдсэн гэгээ
Хоёр жил сурчихсан хэр нь мэргэжлийнхээ тухай төсөөлөлгүй, “кочегар л болж дээ” гэсэн харанхуй бодол нь хэвээрээ. “Сурвал сурсан шиг сур” гэсэн аавын үгийг санан “дэмий л” онц сайн сурна. Харин мэргэжлийн хичээл эхэлж, Оюунгэрэл багшийн ойлгомжтой сайхан лекцүүдээс юмны учир тайлагдаж эхэллээ. Турбиний хичээлийг Мандал багш нь нүдэнд харагдтал заав. Станцад дагуулж очиж турбин гэгчийг үзүүллээ. Тэрнээс хойш л турбинээр дагнаж суралцах бодол төрж, санаандгүй учирсан мэргэжлээ жинхэнээсээ сонирхох болов. Энэ нь харанхуйд гэгээ үзэгдсэнтэй зүйрлэх, санаа бодол уужруулсан сайхан үе эхэлсэн хэрэг байлаа.
1983 оны 5 сарын эхэнд өнөөх хэдэн “кочегар” маань ажиллах станц дээрээ анх ирцгээв. Дулааны ангийг 25-уул төгссөнөөс ес нь Улаанбаатарын “ТЭЦ-4”-т хуваарь авсан нь энэ байлаа.
Гэвч ажиллах турбин нь босох болоогүй, станцынх нь суурь л дөнгөж тавигдаж байлаа. Шугам хоолойнуудын монтажийг орос мэргэжилтнүүд хийж байсан болохоор “шинэков”-уудад хийх ажил байхгүй. Станцын захиргаа тэднийг газар газар луу илгээнэ. Гурилын үйлдвэрт шөнийн ээлжинд гарч, махкомбинатын хиаман цехэд ч ажиллаж үзэв. Зуслан руу татаж байсан цахилгааны шугамын шонгийн нүх ухсан нь мэргэжилдээ хамгийн ойртсон ажил нь болов.
1983 оны 10 сард станц ажиллаж эхлэхэд Наранцэцэг Турбин цехийн төв насос станцын машинист боллоо. Алсаас бүрхээр шиг харагддаг уурын тогоо, гардер дээр ажиллаж эхэлсэн нь энэ. Станцад орж байгаа хүн анх энд ирдэг, турбиний машинист болохын тулд доороос нь эхлэн шат дамжлага бүр дээр ажилладаг жамтай.
Танилцах дадлагын үеэрээ станц дотор нүүр амаа битүү боочихсон цэвэрлэгээ хийгээд зогсож байсан халтар царайтай эгчийг харж инээгээд загнуулж байснаа ангийн найз Энхтуяатайгаа ярьж, хоёр биенээ шоолно. “Одоо тэгтэл өөрсдөө халтар царайлаад зогсож байна” гэж ярилцана. Станцын ажил ийм. Оросын мэргэжилтэн багш нь нямбай байхыг шаардаж, шалан дээр ганц электродны тасархай хэвтэж байхад л цэвэрлэгээ дутуу хийсэн байна гэнэ. Ажил дутуу бол ээлж бууна гэсэн ойлголт байхгүй.
Байлдагчаас бага түрүүч
Удалгүй сургууль төгссөн мэргэжилтэй хүн гээд дотогш турбин цех рүү орууллаа. Социалист уралдаан дүгнэж, арчих материал цуглуулж, нормын бээлий оёж, ээлж бригадаараа уралдана. Титов гэх их өндөр оросыг дагалдаж, бойлерын машинист, пенийн машинист гэхчлэн шат дамжлагуудад дараалан ажиллаж, байлдагчаас бага түрүүч гэдэг шиг л шат ахисаар.
90-ээд онд байдал их хүнд байлаа. Байсгээд л станц “орилно”. “Нооль” зогсоно. Техник муу. Пенийн сальник өдөрт хэд задарна. Зогсоохоос өөр аргагүй. Шөнө нойргүй хонож, засна. Шат дамжлага ахих тусам л айдас төрнө. Тоноглол зогсвол тог тасарна, тог тасрахаар хариуцлага хүлээнэ.
1986 онд туслах тоноглолын машинист хийж байтал, турбиний машинист бол гэлээ. “Хийж чадахгүй байх аа” гэж Наранцэцэг их айв. Ээлжийн дарга Гантөмөр: “Сургуулийг нь төгссөн юм чинь. Мэргэжил эзэмш” гэж шахлаа. Нөхөр болон хамт олноосоо “Хий, чи чадна” гэсэн урмын үг сонсоод зориглов.
Ганц алдахад л хүний амь эрсдэх осол гарч болох өндөр хариуцлагатай ажлыг ингэж л хүлээн авч байжээ. 110 төрлийн параметрийг нэг дэлгэцэн дээр багтаасныг хянаж ажиллана. Энэ нь энгийн хүний нүдэнд Менделеевийн үелэх системийг компьютерийн дэлгэцэнд байрлуулчихсан юм шиг л жирэлзэж харагдана.
Эх орны тулганд гал тасрахгүй
“Кочегар” болно доо гээд юугаа ч мэдэхгүй явсан жижигхэн охин станцдаа 23 жил зүтгэж, одоо ажлаа арван хуруу шигээ мэддэг машинист болжээ. Түүний тухай станцынхан ам сайтай. “Нараа эгч их туршлагатай. Инженерүүд бидэнд асар их түшиг болдог хүн” гэж станцын диспетчер, инженерүүд ярина. Станцад анх хөл тавьж байгаа залуучууд ихэвчлэн Наранцэцэгийн шавь болж, түүний гараар дамжиж машинист болдог. Одоо найм дахь шавьтайгаа ажиллаж байна. Наранцэцэг “Багш гэж дуудуулах эрх тэр бүр хүнд олдохгүй” гэж олзуурхаж, бас турбин цехэд анх ирэхэд дарга нь байсан Пүрэвсүрэн, ашиглалтын инженер Жанцанбал нарын олон багш нараараа бахархаж буян санаж явдаг.
83 оныг бодвол станцын тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэж, регулятор автоматууд суурилагдаад, харьцангүй ажил хөнгөрөөд байна. Хуучны тоосон системийг өөрчилж, тээрэмтэй болгосноор осол аваарын түгшүүр ч багасчээ. Хүнд нөхцөлд ажилладаг болохоор цалин хангамж өндөр. Өндөр зэрэгтэй ажилчин сард гар дээрээ 300 мянган төгрөг авах энүүхэнд. Ажилтнуудын амьдрал баталгаатай. Үүндээ тэд өөдрөг явдаг.
“Ажлын гараа ч станцаас эхэлж байлаа. Амьдрал минь ч эндээс эхэлсэн” гэж Наранцэцэг ярьдаг. Нэг ээлжинд ажилладаг Хүрэлбаатар хэмээх залуутай сэтгэл нийлж, гал голомтоо асаагаад олон жил болж, төр улсдаа бүл нэмж явна. Хүү нь ТИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний ангид сурч байгаа. Удахгүй аав ээж шигээ ард олондоо илч гэрэл түгээдэг мэргэжилтэн болно. Охин нь 10 дугаар ангид сурч байна.
Станцынхан баярын үеэр ч амардаггүй нь мэдээж. Шинэ жил, 31-ний орой станцын удирдлага ажлын байранд нь биечлэн ирж баяр хүргэж, бэлэг гардуулна. Баяраар ээлж таарвал хүүхэд шиг л “бэлэг авна” хэмээн баярладаг. Он солигдон шампан дарс тулгах мөчдөө “Бидний хүчинд л Ерөнхийлөгчийн мэндчилгээ орон даяар түгж байгаа” хэмээн бахархана. Ингээд хэдхэн секундын гэж болох ёслолын дараа шууд ажилдаа ордог. Эх орны тулганд гал тасрах ёсгүй.

Monday, January 14, 2008

МОНГОЛ БАНХРЫН ХУЦАЛТ

(фельетон)
Уул уурхайн тал дээр монголчууд нэвтэрхий толь л гэсэн үг. Ёстой дэндүү мэднэ дээ! Оксфордын их сургууль төгссөн хэдэн инженер нийлээд, хэдэн сар сууж байж хийх тооцоог захын нэгэн билэг танхай малчин сонинд ороосон улаан дүнсээ уугиж дуусах зуурт цээжээрээ бодож орхино. Тэгээд “Энэ ордыг ухаж зэс гаргаад зарвал олсон мөнгөөрөө уртаашаа гучин ширхэг Улаанбаатар хотыг худалдаж авах юм байна” хэмээн шарласан шүднийхээ завсраар сийгүүлнэ.
Долоон буудлын Долгор эмээ долоон долоо - дөчин есөн жилийн өмнө долдугаар анги төгссөн хүн. Түүнийг Сүхийн талбай дээрх жагсагчдын дунд байхад нь телевизийн сурвалжлагч ярилцлага авч л дээ.
-Та хэний талын хүн бэ?
-Би ардчиллын талын хүн! Ардчилал зах зээлээ хамгаалан тэмцэж байна! Ашигт малтмалын ашгаас ард түмэнд өгөх ёстой, манай төр гадаадын компаниудад ямар ч хяналт тавихгүй байна. Уул уурхай гэдэг бол... гэж ирээд л торохгүй дуржигнуулав.
-Ашгийг ард түмэнд хуваарилах гэдэг чинь коммунист зарчим, бас социализмын үед л бүх үйлдвэр уурхайг төр хянаж захирч байсан юм биш үү? Та тэгэхээр ардчиллын талын хүн мөн гэж үү хэмээн сурвалжлагч гайхлаа.
-Аа, энэ муу гадаадын тагнуул телевизийн сурвалжлагч байна! Хөөе манай талынхаан, энэ эх орноо худалдсан янхныг гөвшөөд өг! хэмээн бархирмагц Долгор эмээгийн талынхан сурвалжлагч бүсгүйн нүүрийг маажиж, хувцсыг урж, микрофоныг нь хуга цохиод хөөж явуулав.
Долоон буудлын Долгор эмээгийн яриад байгаа “ашгийг ард түмэнд хуваарилах” агуу том санааг социализм коммунизмын эдийн засгийн онол судалж өд сөдөө ургуулаад хожим зах зээлийн эдийн засаг гэгчийг нэвтэрхий мэддэг болсон ихийг мэдэгч аугаа их эрдэмтэд дэвшүүлж байгаа гэлцэнэ.
“Бөх мэддэггүй хүнийг хэн монгол гэдгийм” гэх үг хуучирч одоо Уул уурхай мэдэхгүй бол монгол биш гэх болж. Эрүүл мэндийн экс сайд Гүндалай нь уул уурхайн нарийн ширийн юмыг уурхайчин аавын гэрт төрөөд насаараа уурхайд зүтгэсэн хүн шиг л мэдэж ярих нь бахдалтай.
-Монгол орны газрын баялаг бол ард түмний өмч! Тийм учраас орд газруудын ашгаар бэлгэвч аваад ард түмэндээ үнэгүй тараая! Уул уурхай гэдэг бол... гэх мэтчилэн цогтой халуунаар илтгэж ард түмний нижигнэсэн алга ташилтаар шагнуулсаар явна.
Эрүүл мэндийн сайдаа сэнтийд нь залахдаа Уул уурхайг мэддэг эсэхийг нь гол шалгуур болгосон нь сод монгол хүмүүнээс өөр хэн ч бодож оломгүй туйлын зөв шийдэл байж. Аль ч талаас нь бодоод үзэхэд ДОХ-ын нян шүдний чигчлүүр дээр хэдэн секунд амьдрах чадвартайг мэдэх нь Монголын эрүүл мэндийн сайдад огт хэрэггүй, зэс алт хоёрын аль нь үнэтэйг мэддэг байх нь нэн чухал.
Их хурлын далан зургаан эрхэм мэргэн гишүүнийг ч бас энэ шалгуураар сонгожээ. Тэд багш, эмч, хуульч, худалч, бариач, илээч гэх зэрэг янз бүрийн мэргэжлийн хүмүүс байдаг хэдий ч уул уурхайн асуудлаар хэдэн жилийн лекц уншиж дөнгөх мэдлэгтэй улс.
Гоц ухаант гишүүд маань алт зэсийн үнийн гэнэтийн өсөлтийн ашгийн албан татвар хэмээх хосгүй гайхамшгийг бодож олсноор Монголд ашигт малтмалын хайгуул хийдэг Канадын арван хэдэн компани ганцхан өдрийн дотор бирж дээр нэг тэрбум хол давсан доллар алдаж дэлхийн чихийг дэлдийлгэсэн гэж байгаа. Тэрхүү хосгүй гайхамшигт татварыг генекологч мэргэжилтэй мэргэн гишүүн сэтгэснийг цэцэн билигт гишүүд нэгэн зэрэг дуу алдан дэмжиж, тэр мөнгөнөөсөө хүүхдийн арван мянгаа өгье гэж баярлацгаасан билээ. Даанч амны хишиг нь ардаа гарсан муусайн юмнуудын аз дутаж алт зэсийн үнэ сар бололгүй огцом унаад харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр болоод өнгөрлөө хөөрхий.
Бөхийг нэвтэрхий мэддэг бөхийн улаан фэнүүдийн дундаас бөхийг бүүр илүү мэддэг хүн л бусдынхаа хүндэтгэлийг хүлээж цойлон, удирдагч болдог. Уул уурхай ч үүнтэй адил гэдэг нь мэдээж. Элбэгдорж хэмээх алаг нүдтэй хөөрхөн залуу Уул уурхайн тулгамдсан асуудлаар хурц илтгэл тавьж олны талархлыг хүлээж байгаа.
-Монгол орны газрын хөрсөн доорх баялаг бол ард түмний юм. Чиний ч юм, миний ч юм. Уул уурхай гэдэг бол... хэмээн илтгэх нь наран ургаж, сар мэлтрэх мэт. Юун Ленин багш, юун Фидель Кастро! Энэ хоёр Элбэгээгийн дэргэд будааны хүүхдүүд байхгүй юу. Олны тэгж сайн мэддэг юмыг ярьж тэднийг бишрүүлнэ гэдэг бол яах аргагүй сод хүний шинж.
-Тогтвортой байдлын гэрээ гэж юм байх ёсгүй! Бид энийг хэзээ ч хийлгэхгүй ээ, нөхөд өө! гэж түүнийг хэлсний нь дараа дайснууд өөрийнх нь гарын үсэгтэй ийм гэрээг гаргаж ирж хар пий-аар хийсэн л дээ. Ер нь их мэддэг хүмүүс хааяа яль шалигүй юмыг мартаж будилах чинь байдаг л зүйл. Уул уурхайг хэт мэддэг, Уул уурхайг элэг зүрхнээсээ хайрладаг хүмүүсийн өмнө Уул уурхай яриад яваад байгаа Ганбаатар, Батзандан, Магнай мэтийн хүүхдүүд ч 2008 оны сонгуульд юм дуулгана даа. Аргагүй шүү дээ олны тэгж их анхаарах сэдвийг урьдчилан мэдэрч чадаж байгаа юм чинь. Тэдний араас Уул уурхайг их мэдэгч жаахан хүүхдүүд шоволзтол гарч ирцгээж байгаа.
...Гудамжинд зуны халуун пүнхийж, улиасны унгирал хамар аманд наалдах нь бухимдал төрүүлнэ.
-Уул уурхайн ашгийн татвар 30 байгаа нь буруу! 20 болгох ёстой!
-Үгүй ээ, маанаг минь! Саяын 68 болгосон чинь зөв байхгүй юу!.. гэх траншейны хоёр хүүгийн маргаан чих дэлсэх нь сэтгэл сэргээж түрүүний бухимдлыг оргүй үлдэн хөөлөө. Сэрүү татаад, улиасны унгирал хацрыг минь зөөлөн илбэж байх шиг.
Цаанаас нь нэг золбин гөлөг ирснээ 20 хувь гээд зүтгээд байгаа хүү рүү борголоо. Жинхэнэ монгол цусны банхар бас Уул уурхай хэмээн хуцаж байгаа нь энэ. Банхар ч хол явна даа...

Жич: РС-гээ ухаж байтал ийм нэгэн бичлэг гараад ирлээ. 2006 оны зун бичиж байж. Тэгтэл Уул уурхайн тухай хэл ам нь одоо хүртэл үргэлжилсээр л. Мөнхийн сэдэв гэж байх юм даа.

Thursday, December 27, 2007

2007 оны цоо эрүүл тойм

/егөө/
Эв эрүүл шүүгчийн сав саруул үг
2007 оны нэгэн шүүх хуралдаан дээр “Симба Батаа нь үнэг хөөж явахдаа огт санамсаргүйгээр улсын нисдэг тэргийг унагааж бие эрхтэнээрээ хохирсон хохирогч мөн болох” тухай ярьсан нь үнэхээр эв эрүүл шүүгчээс гарсан сав саруул ухаан байлаа. Ийм ухаалаг, мэргэн цэцэн шийдэл гаргадаг шүүгчийг манай галактикийн өөр аль ч гаригаас та олохгүй. Хөөрхий муу Батаа гишүүн, сонгогч та бидний төлөө амь үл хайрлан, хөдөө аж ахуйд ноцтой хохирол учруулагч махчин араатныг сөнөөн устгах урам зориг дүүрэн, дүүлэн нисэж явсан байна шүү дээ. Бидний амтархан иддэг тахиа, галуу, молтогчингуудыг зальт шар үнэг ихээр барьж хөнөөдөг болохыг шинжлэх ухааны академи баталж байгаа юм. Үнэг бол ардын дайсан, харин Батаа бол ард түмний үнэнч хүү дайчин цогтой тэмцэгч юм аа.
Эв эрүүл төмс
Брунейн султан саяхан “Уорлд стрит жоурнал”-д өгсөн ярилцлагадаа “Би сүүлийн үед зөвхөн Дархан-Уул аймгийн Хонгороос тусгай захиалгаар авчруулсан төмсийг идэж байгаа” хэмээн цохон тэмдэглэжээ. Аргагүй шүү дээ Хонгорын төмсийг Итали, Орос, Америк гээд мафиараа алдартай орны алах ялтай гэмт хэрэгтнүүдэд идүүлж туршихад ганц ч хүн үхээгүй төдийгүй бүгд цодойтол таргалсан юм чинь. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хонгорын төмсийг шинжлээд үзтэл цоо эрүүл гэсэн онош гарсан болой. Эв эрүүл, ганц ч дусал цианитгүйгээр барахгүй “А”, “Б”, “В”, “Г”, “Д”, “Й”, “К” амин дэмээр баялаг болох нь тогтоогдсон гээд л бод. Лондонгийн биржийн хамгийн сүүлийн арилжаанд нэг баррел “Хонгорика” сортын төмс мянган доллараар үнэлэгдэж дээд амжилт тогтоолоо. Эв эрүүл төмсний төлөө дэлхийн баячууд алалцаж байна цаана чинь.
Цоо эрүүл хүн л хөзөрт хорхойсдог
“Хөзөр бол цоо эрүүл хүний дурладаг тоглоом бөгөөд казинод хөзөр тоглох явдал нь гэмт хэрэг биш эрүүл хүний алжаалаа тайлах нэг хэлбэр юм” хэмээн Улсын их хурлын байнгын хороо дүгнэжээ. Үүн шиг эрүүл саруул дүгнэлтийг Улсын их хурал урьд хожид хийж байсангүй хэмээн манай нэгэн нэрт улстөр судлаач доктор дуу алдав. Энэ дүгнэлтийг баталгаажуулахын тулд улсын мөнгийг хөзрийн мөрийд алдсан гэх гурван эрхэм гишүүнийг сэтгэц мэдрэл наркологийн төвийн шинжилгээнд оруултал ямар нэгэн гаж зуршилгүй болох нь тогтоогджээ. Тэгэхээр хүн хэрэгт татах дон туссан өвчтэй юмнууд л хайран сайхан эрүүл гишүүдээр минь оролдож, алтан сайхан цагийг нь үрэн таран хийж байгаа аж.
Эрүүл уул уурхайтай согтуу монголчууд
“Уул уурхай шиг эрүүл саруул хөгжиж байгаа салбар алга” хэмээн манай хамгийн толгойтой гэгддэг улстөрчид батлан хэлж байгаа юм. Тэгтэл Баасан мэтийн өвчтэй, мэдрэлтэй юмнууд “Монголын уул уурхай эрүүл биш” хэмээн согтуурч, холион бантан хутгаж байна. Тэднүүсээс халдвар авсан монголын ард түмэн “Гадаадынхан зайлцгаа, монголын алт бол монголчуудын өмч!” хэмээн хавтгайдаа согтуурцгаав. Хэдэн эрүүл гишүүд нь согтуурсан ард түмнээ эрүүлжүүлэн сэнхрүүлэх гэж орой бүр телевизийн нээлттэй хэлэлцүүлэг, форум, ток шоунд оролцон, хүйтэн студид бээрч дагжин сууж, цээжээрээ даарсан нь хамрын шуухитнаа, бэлхүүсээрээ даарсан нь заг хүйтэн авч, зовж шаналж байна. “Монголчууд минь хэзээ юмыг ойлгодог болно доо?” хэмээн нэгэн эрхэм гишүүн үсээ зулгаан уйлж суусан тухай баттай эх сурвалжууд мэдээлжээ.
“Эрүүл нийгэм” өвчлөв
Батзандан, Магнай нарын цоо эрүүл залуус “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн”-ийг байгуулан өвчний үүр уурхай болсон нам, төр, засаг, УИХ гэх мэтийн субъектүүдтэй цогтой тэмцэж байсан билээ. Гэвч МАХН, АН, ИЗН гэсэн гурван намын хамтран байгуулсан хорлон сүйтгэх хорьдугаар дивизийн нууц ажилтнууд “Эрүүл нийгэм”-ийн залуусын сүүтэй будаанд цианит натрийг сэм хийжээ. Энэхүү бохир заваан хорлон сүйтгэх ажиллагааны үр дүнд Батзандан, Магнай нар хүнд өвчилж, нам хэмээх өвчний уурхай, авилгалын уутыг байгуулан халуурч бүлээрч эхэллээ. Ард түмэн цогтой тэмцэгч нартаа хайртай учраас Хөх хотод аваачиж эмчилгээ хийлгэхээр хандив цуглуулж эхлээд байгаа гэнэ.
Өвчтэй хотын эрүүл хурал
Улаанбаатар бол яавч эрүүл хот биш гэсэн дүгнэлтийг сэтгэл мэдрэлийн эмч нар гаргажээ. Агаар, хөрс, ус гол гээд эрүүл юм нэг ч үлдээгүй учраас тэр. Хүнд өвчтэй хотыг эрүүлжүүлэхээр Мөнхбаяр хэмээгч баатар эр гарч ирэн гурван өдөр, гурван шөнө ам хуурайгүй хуралдаж, үзэг тавилгүй цаас эрээчиж, сэлэм амраалгүй толгой цавчиж байна. Улаанбаатарт тусаад буй хамаг өвчний нян болж буй Батбаяр хэмээгч улаан чаралбыг даран сөнөөвөл нийслэл маань эрүүлжинэ хэмээн хувьсгалын улаан зурхайчийн төлгөнд буусан аж. Чаралба хурдан сөнөж хот илаарших болтугай хэмээн нийслэлчүүд залбирч байна.
Авилгалтай эрүүлээр тэмцэх газар
Ерөнхийлөгч 500 саяыг аваагүй. Даш генерал бас “Би юу ч идээгүй, уугаагүй” гэж андгайллаа. УИХ-ын дөрвөн хөөрхөн гишүүн минь ч хүртэл бид юу ч аваагүй гэж байгаа. Монголд авилгал байгаа юу? гэвэл “Байхгүй ээ!” гэж хүн бүхэн хариулна. Тэгсэн хэрнээ Авилгалтай тэмцэх газар гэгчийг сүр дуулиантайгаар байгуулсан гэж байгаа. “Огт авилгалгүй газар Авилгалтай тэмцэх газрыг байгуулна гэдэг чинь өвчтэй хүний л хийх ажил даа” хэмээн өнгөц сэтгэдэг нэг нь бодож юуны магад. Эрүүл саруул сэтгэлгээтэй удирдлага маань харин Авилгалтай тэмцэх газар байгуулахдаа “Юмыг яаж мэдэх вэ, урьдчилан сэргийлье” гэж бодсон аж. Холын бодол шүү! Ёстой эв эрүүл хүнээс л гарах бодол.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates