(фельетон)
Уул уурхайн тал дээр монголчууд нэвтэрхий толь л гэсэн үг. Ёстой дэндүү мэднэ дээ! Оксфордын их сургууль төгссөн хэдэн инженер нийлээд, хэдэн сар сууж байж хийх тооцоог захын нэгэн билэг танхай малчин сонинд ороосон улаан дүнсээ уугиж дуусах зуурт цээжээрээ бодож орхино. Тэгээд “Энэ ордыг ухаж зэс гаргаад зарвал олсон мөнгөөрөө уртаашаа гучин ширхэг Улаанбаатар хотыг худалдаж авах юм байна” хэмээн шарласан шүднийхээ завсраар сийгүүлнэ.
Долоон буудлын Долгор эмээ долоон долоо - дөчин есөн жилийн өмнө долдугаар анги төгссөн хүн. Түүнийг Сүхийн талбай дээрх жагсагчдын дунд байхад нь телевизийн сурвалжлагч ярилцлага авч л дээ.
-Та хэний талын хүн бэ?
-Би ардчиллын талын хүн! Ардчилал зах зээлээ хамгаалан тэмцэж байна! Ашигт малтмалын ашгаас ард түмэнд өгөх ёстой, манай төр гадаадын компаниудад ямар ч хяналт тавихгүй байна. Уул уурхай гэдэг бол... гэж ирээд л торохгүй дуржигнуулав.
-Ашгийг ард түмэнд хуваарилах гэдэг чинь коммунист зарчим, бас социализмын үед л бүх үйлдвэр уурхайг төр хянаж захирч байсан юм биш үү? Та тэгэхээр ардчиллын талын хүн мөн гэж үү хэмээн сурвалжлагч гайхлаа.
-Аа, энэ муу гадаадын тагнуул телевизийн сурвалжлагч байна! Хөөе манай талынхаан, энэ эх орноо худалдсан янхныг гөвшөөд өг! хэмээн бархирмагц Долгор эмээгийн талынхан сурвалжлагч бүсгүйн нүүрийг маажиж, хувцсыг урж, микрофоныг нь хуга цохиод хөөж явуулав.
Долоон буудлын Долгор эмээгийн яриад байгаа “ашгийг ард түмэнд хуваарилах” агуу том санааг социализм коммунизмын эдийн засгийн онол судалж өд сөдөө ургуулаад хожим зах зээлийн эдийн засаг гэгчийг нэвтэрхий мэддэг болсон ихийг мэдэгч аугаа их эрдэмтэд дэвшүүлж байгаа гэлцэнэ.
“Бөх мэддэггүй хүнийг хэн монгол гэдгийм” гэх үг хуучирч одоо Уул уурхай мэдэхгүй бол монгол биш гэх болж. Эрүүл мэндийн экс сайд Гүндалай нь уул уурхайн нарийн ширийн юмыг уурхайчин аавын гэрт төрөөд насаараа уурхайд зүтгэсэн хүн шиг л мэдэж ярих нь бахдалтай.
-Монгол орны газрын баялаг бол ард түмний өмч! Тийм учраас орд газруудын ашгаар бэлгэвч аваад ард түмэндээ үнэгүй тараая! Уул уурхай гэдэг бол... гэх мэтчилэн цогтой халуунаар илтгэж ард түмний нижигнэсэн алга ташилтаар шагнуулсаар явна.
Эрүүл мэндийн сайдаа сэнтийд нь залахдаа Уул уурхайг мэддэг эсэхийг нь гол шалгуур болгосон нь сод монгол хүмүүнээс өөр хэн ч бодож оломгүй туйлын зөв шийдэл байж. Аль ч талаас нь бодоод үзэхэд ДОХ-ын нян шүдний чигчлүүр дээр хэдэн секунд амьдрах чадвартайг мэдэх нь Монголын эрүүл мэндийн сайдад огт хэрэггүй, зэс алт хоёрын аль нь үнэтэйг мэддэг байх нь нэн чухал.
Их хурлын далан зургаан эрхэм мэргэн гишүүнийг ч бас энэ шалгуураар сонгожээ. Тэд багш, эмч, хуульч, худалч, бариач, илээч гэх зэрэг янз бүрийн мэргэжлийн хүмүүс байдаг хэдий ч уул уурхайн асуудлаар хэдэн жилийн лекц уншиж дөнгөх мэдлэгтэй улс.
Гоц ухаант гишүүд маань алт зэсийн үнийн гэнэтийн өсөлтийн ашгийн албан татвар хэмээх хосгүй гайхамшгийг бодож олсноор Монголд ашигт малтмалын хайгуул хийдэг Канадын арван хэдэн компани ганцхан өдрийн дотор бирж дээр нэг тэрбум хол давсан доллар алдаж дэлхийн чихийг дэлдийлгэсэн гэж байгаа. Тэрхүү хосгүй гайхамшигт татварыг генекологч мэргэжилтэй мэргэн гишүүн сэтгэснийг цэцэн билигт гишүүд нэгэн зэрэг дуу алдан дэмжиж, тэр мөнгөнөөсөө хүүхдийн арван мянгаа өгье гэж баярлацгаасан билээ. Даанч амны хишиг нь ардаа гарсан муусайн юмнуудын аз дутаж алт зэсийн үнэ сар бололгүй огцом унаад харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр болоод өнгөрлөө хөөрхий.
Бөхийг нэвтэрхий мэддэг бөхийн улаан фэнүүдийн дундаас бөхийг бүүр илүү мэддэг хүн л бусдынхаа хүндэтгэлийг хүлээж цойлон, удирдагч болдог. Уул уурхай ч үүнтэй адил гэдэг нь мэдээж. Элбэгдорж хэмээх алаг нүдтэй хөөрхөн залуу Уул уурхайн тулгамдсан асуудлаар хурц илтгэл тавьж олны талархлыг хүлээж байгаа.
-Монгол орны газрын хөрсөн доорх баялаг бол ард түмний юм. Чиний ч юм, миний ч юм. Уул уурхай гэдэг бол... хэмээн илтгэх нь наран ургаж, сар мэлтрэх мэт. Юун Ленин багш, юун Фидель Кастро! Энэ хоёр Элбэгээгийн дэргэд будааны хүүхдүүд байхгүй юу. Олны тэгж сайн мэддэг юмыг ярьж тэднийг бишрүүлнэ гэдэг бол яах аргагүй сод хүний шинж.
-Тогтвортой байдлын гэрээ гэж юм байх ёсгүй! Бид энийг хэзээ ч хийлгэхгүй ээ, нөхөд өө! гэж түүнийг хэлсний нь дараа дайснууд өөрийнх нь гарын үсэгтэй ийм гэрээг гаргаж ирж хар пий-аар хийсэн л дээ. Ер нь их мэддэг хүмүүс хааяа яль шалигүй юмыг мартаж будилах чинь байдаг л зүйл. Уул уурхайг хэт мэддэг, Уул уурхайг элэг зүрхнээсээ хайрладаг хүмүүсийн өмнө Уул уурхай яриад яваад байгаа Ганбаатар, Батзандан, Магнай мэтийн хүүхдүүд ч 2008 оны сонгуульд юм дуулгана даа. Аргагүй шүү дээ олны тэгж их анхаарах сэдвийг урьдчилан мэдэрч чадаж байгаа юм чинь. Тэдний араас Уул уурхайг их мэдэгч жаахан хүүхдүүд шоволзтол гарч ирцгээж байгаа.
...Гудамжинд зуны халуун пүнхийж, улиасны унгирал хамар аманд наалдах нь бухимдал төрүүлнэ.
-Уул уурхайн ашгийн татвар 30 байгаа нь буруу! 20 болгох ёстой!
-Үгүй ээ, маанаг минь! Саяын 68 болгосон чинь зөв байхгүй юу!.. гэх траншейны хоёр хүүгийн маргаан чих дэлсэх нь сэтгэл сэргээж түрүүний бухимдлыг оргүй үлдэн хөөлөө. Сэрүү татаад, улиасны унгирал хацрыг минь зөөлөн илбэж байх шиг.
Цаанаас нь нэг золбин гөлөг ирснээ 20 хувь гээд зүтгээд байгаа хүү рүү борголоо. Жинхэнэ монгол цусны банхар бас Уул уурхай хэмээн хуцаж байгаа нь энэ. Банхар ч хол явна даа...
Жич: РС-гээ ухаж байтал ийм нэгэн бичлэг гараад ирлээ. 2006 оны зун бичиж байж. Тэгтэл Уул уурхайн тухай хэл ам нь одоо хүртэл үргэлжилсээр л. Мөнхийн сэдэв гэж байх юм даа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
6 days ago

