Wednesday, December 19, 2007

ӨВЧИН СЭДЭРСЭН ТҮҮХ

(егөө)
-Эрхэм гишүүн эдгэрчээ таминь ээ! гэж байдаг чадлаараа чарласаар өрөөнөөс гарч ирсэн нарийн бичгийн дарга руу Шар хадны эмнэлгийн ерөнхий эмч итгэж ядсан харц чулуудлаа.
Үгүй тэгтэл эрхэм гишүүн нээрээ л эдгэчихжээ. Уг нь үүрийн таван жингээр хар дарж зүүдлэн “Бэлгэвч!” хэмээн чарлаж хөршүүдээ бүү хэл хорооллоо тэр аяар нь сэрээдэг байсан юм. Тэгтэл өнөө өглөө зургаан цаг дөчин таван минут хүртэл бөх гэгч нойрссоноор барахгүй орилж хашгиралгүй өндийжээ.
Босоод хөлдөө бэлгэвч углан шалан дээгүүрээ зөөлөн зөөлөн гишгэлэн ариун цэврийн өрөө рүүгээ ордог байсан бол энэ удаа гэрийн шаахайгаа хөлдөө эвтэйхэн өлгөж явсан аж. Хөнгөнөөр бие засахдаа давхар бэлгэвч өмсөж урьдчилан сэргийлэхээ умартаж, шүдээ угаахдаа сойзондоо бэлгэвч хөдөрсөнгүй. Өглөө бүр тогоочдоо шарсан зайдсандаа бэлгэвч углахыг сануулдаг байсан бол энэ удаа “Үгүй мөн сайхан үнэртэж байна аа” гэж хэлээд л өнгөрчээ.
Эрхэм гишүүн албан тасалгаандаа орж ирмэгцээ хэвлэлийнхнийг дуудаж, “Дох ба Бэлгэвч” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлгэдгээ мартаад жилмэрээ ч үгүй үндсэн ажлаа хийн суув. Энэ өдрийн УИХ-ын хуралдаан арай дэндүү уйтгартай сунжиралдаж, гишүүд нойрмоглон үе үе духаа ширээн дээрээ түсхийтэл буулгаж байлаа. “Хуралдаа ирдэггүй нөхдийг бүгдийг нь ДОХ-ын шинжилгээнд хүчээр хамруулаад, баруун аймгууд руу төлчнөөр хөөж явуулъя” гэж хашгиран эрхэм гишүүдийг хөгжөөхгүй болохоор аргагүй шүү дээ.
“Шударга засаг” хууль зүйн их сургуулийн арван гурав дахь төгсөлтийн мөнгөн хонхны баяр бас л бөөн гуниг. Баяр гэхээсээ илүү гашуудлын цуглааныг санагдуулж байх юм. Аргагүй л дээ, эрхэм гишүүн ирж цогтой халуун үгээ хэлээд, “Одоо хонхны баяраа сайхан хийгээд, орой бэлгэвчээ хэрэглэцгээе!” гэж уриалаагүй юм хойно.
Орой нь бүр аймшигтай юм боллоо. “Форум”, “Яах вэ?”, “Миний үг”, “Зочны цаг” гэхчлэн телевизийн бүх нэвтрүүлгүүд “Ток шоу” бус “Ток уйтгар” болж хувирлаа. Монголын өнцөг булан бүр дэх хоёр сая таван зуу мянган үзэгчид нэг л юмыг үгүйлэн дэмий л сувгаа солин гиюүрч суув. “Цагийн хүрд”-ийг ч тоож харах хүн гарсангүй. Маргааш өдөр нь гарсан бүх сонинууд ганц ч хувь борлосонгүй. Тэрхүү аймшигт оройноос хойш далан хоёрхон цаг өнгөрөхөд Монгол орон тэр чигтээ уйтгар гунигийн халдварын хар бараан сүүдэрт умбалаа.
Далан зургаан цаг тэг секунд өнгөрөөд байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, МАХН-ын удирдах зөвлөл хамтарсан хуралдаан хийж байв. Аргагүй шүү дээ. Хаа сайгүй хөмсгөө зангидсан хүмүүс болж, зүрх мэдрэлийн өвчин далан зургаан хувь нэмэгдчихээд байхад чинь! Хамтарсан зөвлөлийн гаргасан маш нууц тушаалын дагуу эрхэм гишүүнийг эмчилж эдгээсэн Шар хадны эмнэлгийн ерөнхий эмчийг улс төрийн гэмт хэрэгт татаж, өмнө өвчлөөд байсан “острый гондомохондроз” өвчнийг идэвхжүүлэгч бодис шингээсэн бялууг тагнуулын тусгай хэлтсийн ажилтнуудаар эрхэм гишүүнд идүүлэх нууц ажиллагааг эхлүүллээ. Маргааш өглөөний дөрвөн цаг тавин есөн минутад эрхэм гишүүн “Бэлгэвч!” хэмээн чарлан өндийж хорооллоо бүү хэл хотыг тэр аяар нь сэрээв.
-Эрхэм гишүүний өвчин сэдэрчээ! хэмээн нарийн бичгийн дарга байдаг чадлаараа чарласаар өрөөнөөс гарч ирлээ.

Friday, December 14, 2007

“МОБИ”-ТОЙ ЗАГАСНЫ ҮЛГЭР

(наргиа)
Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь “Мобиком”-ын утсаа чагнангаа тор дэгээгээ шидлэн далайн эргийг өдөржин сахина. Эмгэн харин түүний утас руу нь амсхийх чөлөөгүй залгаж, “Олиггүй муу өвгөн чамайг.., оройн хоолны загасгүй ирвэл үү...” хэмээн дарамтална.
Нэгэн сайхан цэлмэг өдөр өвгөн аанай л далайн эрэгтээ очив. Давалгаа тогтуухан намилзаад маш дөлгөөхөн байна гэнэ. Анхан удаа шүүрдтэл ашиглагдсан карт гарав. Ахин нэг шүүрдтэл, “Таны шидсэн тор холбогдох боломжгүй байна. Та түр хүлээгээд дахин шиднэ үү?” гэж ялдамхан дуутай бүсгүй шивнэх шиг болжээ. Өвгөний дотор барайж, уушиг зүрх нь сагсайв. Гурав дахь удаагаа шидээд гутарч уурласандаа гуд гуд угзчив. Тэгтэл харин яасан гээч! Алтан загас баригдах нь тэр! Алтан тэр загас нь аль ч загаснаас анги гэнэ. Хүний хэлээр ярьдгаар барахгүй “Рremium gold” барьдаг лутаас лут амьтан байваа чи минь.
-Азай буурал ах минь! Алтан амийг минь өршөө. Ач буяны тань хариуг өгье. Амандаа багтах тоогоо хэлнэ үү? гэжээ. Өвгөн жаахан нэрэлхээд, өөвгөр дагзаа маажиж байснаа,
-Торчгор өвгөн ахад нь тоолдог ч бай, тоолдоггүй ч бай, юу ч хэрэггүй ээ. Алтан хөөрхөн загасхан минь Атлантын их далайдаа аалиараараа арвалз даа гээд арван зүг хорин зовхист атийтал нь шидэж орхив гэнэ ээ.
-Миний дугаар 9911 тэг тэг тэд шүү! Мессеж ч бичилгүй шууд дохиорой, би залгая гээд алтан хөөрхөн загас нь арилаад өгчээ, цаашаа.
Өвгөн жаахан мунхаг юм болохоороо өнөөх алтан загасны тухай, ач буяны хариуд амандаа багтах мөнгөө хэл гэснийг ч хүртэл ам хуурайгүй ярьж орхив.
-Мунхаг муу өвгөн чи! Миний утас нэгжгүй болоод, мэлийсэн гурав хоног өнгөрснийг мэдсээр байж, ядахдаа арав таван нэгж гуйдаг байгаа даа хэмээлээ гэнэ шүү. Хөөрхий өвгөн уймарч “тэг тэг хэд гэлээ байз” хэмээн мунгинасаар, эмгэн улам адган “эргүү гацаа”-гаар нь дуудав. Өвгөн удаж удаж арайхийн дугаарыг санав. Учирлаж хэлэх үгээ увайгүй эмгэнд сонсголтой биш, ухасхийн гэрээс гарав.
-Хүндэт өвгөн ах минь, явдал учир юунд вэ, ямар хэргээр залгаав? гэж мань загас асуув гэнэ. Өвгөн мунгинасан хэвээр, өөвгөр дагзаа маажиж,
-Ухаант алтан загас минь өршөө! Угийн шуналт эмгэн уршиг удлаа. Арав таван нэгжийг амины тань төлөөсөнд нэхсэнгүй гэнэ ээ... хэмээн түгдэчжээ.
Удаж төдөлгүй эмгэний утсанд тав ерэн зургаагаас мессеж нэг ирэв. Насаараа яриад ч барахгүй, найман тэг араас нь эгнэсэн бузгай их нэгжийг нэгмөсөн илгээсэн байлаа.
-Эргүү балай өвгөн чи иймхэн юм гуйгаа юу? Авсан утасны минь загвар хуучраад алсаас дуудлага ирэх бүрт ариун цэврийн өрөө рүү алцаганаж байгааг харахгүй байна уу? Амтай хэлтэй загас руугаа алгуурлаж мунгиналгүй залга! гэв.
Манай өвгөн мангуурав. Майжиг хөлөө солбиулж, матигар хавиргаа түнхэлзүүлэн махийтал зүтгэсээр гарав.
-Өнөөх шуналт эмгэн чинь өвгөн намайг зовоов. Саятан тэрбумтнууд барьдаг, санах ой нь агуу, алтан гадартай алмаз шигтгээтэй, “О-2” утсыг онцгойлж барьдаг болох гэнэ. Лайтай шуналтай яатуу биш ээ, эмгэн юм аа хэмээн амьсгаадав.
Таван цагийн дараа танхай эмгэн уурлав. Тогжгор өвгөнтэй утсаар толхилцох тоймгүй уйтгартай байна гэлээ. Топ модель Наомитай, толгой сайтай Билл Гейтстэй, том хөхтэй Самантатай, тоост хорвоогийн цуутан бүхэнтэй толгой өндийхгүй ярина яадгийм! гэж торчийсон өвгөнөө зандрав. Тогжигнох бүү хэл мөлхөх тэнхэлгүй, хөөрхий өвгөн арайхийн гарлаа.
-Буурай өвгөн ах минь будилалгүй хэл дээ гуйлтаа гэхэд нь хөөрхий мунхаг өвгөн хөлсөө шудран түгдэрлээ...
-Топ модель байтугай толгой улстөрч нэг бүртэй тохь таарсан цагтаа бүтэн өдрөөр биш бүр сараар ч ярьсан болно оо. Дугаарын жагсаалтыг явуулна. Дураараа залгаад чалчаарай хэмээгээд загас утсаа тасаллаа.
Таван өдрийн дараа танхай эмгэн уурлав.
-Бен Ладен дээрэмчинтэй би залгаж ярих уу? Билл Клинтон, Жорж Буш, Путин, Зя Минь бүгдээрээ цаг тутам над руу залгаж, мэнд ус мэдэх ёстой! Ёрын муу өвгөн чи ёолж дуулаад байлгүй ёдрын тэр загас руугаа яг одоо залга! хэмээн таахалзав.
Увайгүй эмгэн бас л уйдав. Ургах нарнаар чарлан сэрээв. Улаан сэлүүр нь сэрийсэн урагшгүй загасаа дууд. Манай гэрт ирээд маргад шилэн хоргонд маний дэргэд амьдраг. Магад их уурыг хүргэвэл Мадер дарсаар амтлаад шарж иднэ түүнийг чинь гэжээ. Мунхаг өвгөн мэлрэв. Мунгинаж чичирсээр гараад, алтан загас руу залгав.
-Энэ талаар чинь харин эгц шулуун хариулт алга аа. Эндэлгүй хэдхэн хормын дараа эргэж залгая даа, ах минь гээд мобитой алтан загас утсаа таслав гэнэ. Хэдэн хором бус бүтэн цаг өнгөрөхөд алтан хөөрхөн загас нь таг чиг. Мань өвгөн манарав, мойног салга хуруугаараа алтан загасны дугаар луу арай ядан залгав.
-Таны залгасан дугаар ашиглалтад байхгүй байна. Та дугаараа шалгаад дахин залгана уу? гэх ялдам хонгор бүсгүйн яруу дуу сонстлоо. Эвий өвгөн эргүүтээд, элийрч балайран салгалаад, эргээд гэртээ ортол эмгэн нь урвайн угтлаа. “О-2” утасны нь оронд оронцог болсон хуучин утас нь онгож гандан хэвтэж харагдлаа.

Monday, December 3, 2007

УТААТ МОНГОЛ

/фельетон/
“Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би” гэсэн шүлгийг цээжээр дуржигнуулж чадвал тэр хүнийг монгол хэмээн үздэг. Бид өнө мөнхөд утаатай холбогдсон хувь заяатайгаа эвлэрсэн ард түмэн.
Та бодоод үз дээ! Тооноор нь утаа багтаж ядан бургилахад гэр дотор ямар байх вэ? Тэгэхээр монгол хүн төрмөгцөө эхийн цагаан сүүгээр бус, аргалын цэнхэр утаагаар амладаг болж таарах нь.
Япон, Солонгосоос төсөл хэрэгжүүлэн утаагүй зуух үнэгүй тараадаг боловч монголчууд аль их утаа саагиулдаг зуухыг Нарантуулаас үнэ зодон авч, гэртээ тавихыг илүүд үздэг. Тэгээд ч зогсохгүй, хуванцар сав, хаягдал дугуй, майжиг гутал гээд аль их утаа гаргадаг болгоныг хамж шимж, шилж сонгон шатаана. Нүүрсийг шингэрүүлээд утаагүй гал гаргаж болно гэж гадны зөвлөх нь хэлсээр байтал тэс зөрүүдлэнэ. Дэлхийн өнцөг бүрээс хамгийн хуучин, хамгийн утаатай тэргийг авчраад хотоороо хөндлөн гулд сүлжилдэн давхидаг. Зүгээр ч давхихгүй. Хаазаа чинээнд тултал гишгэн хар утаа олгойдуулж, цээж дүүрэн уушиглаж таашаал авна.
Нобелийн шагналт, амьтан судлаач Жорж Утоун гуай монголчуудын бодисын солилцоог судлаад үзтэл яасан гээч? Монгол хүн нүүрсхүчил, хар тугалгын давхар ислээр амьсгалж, хүчилтөрөгч ялгаруулдаг болохыг тогтоож, дэлхийн чих дэлдийв. Нэгдсэн үндэстний байгууллагын аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаж, даян дэлхийн хүмүүн төрөлхийтний сайн сайхны төлөө хамаг хорт утааг ховх сорж буй монгол хүнийг улаан номд бичиж, хамгаалалтад авахаар шийджээ.
Тэгтэл монгол сэтгүүлчид өөрсдөө “Улаанбаатар утаанд автаад, гамшгийн байдалд оржээ” хэмээж буй нь логикгүй тэнэг бичлэг юм. Нийслэлийн утааг арилгачихвал монгол хүн юугаараа амьсгалах болж байна аа?
Утааны ачаар монгол хүний үнэ цэнэ огцом өссөөр байгаа. Хэдэн монгол Сөүлд гарсан түймрээс хүн аварсныг ерөнхийлөгч нь хүртэл магтаж, бөөн шуугиан болсон. Хар нялхаасаа Улаанбаатарын утаанд эрчимжүүлсэн бэлтгэл хийгээгүй бол багтарч унаад өөрсдөө шатчих байсан шүү дээ. Сөүл, Токио, Лондон, Париж, Нью-Йоркийн гал унтраах ангиуд “Улаанбаатар хотод төрж өссөн хүнийг гал сөнөөгчөөр шалгалтгүй авна” гэсэн зарыг интернэтэд зай завсаргүй тавьжээ. Огцорсноосоо хойш хоёр жил лааз өшиглөсөн хөөрхий Элбэгдорж Торонтогийн Гал түймэртэй тэмцэх ангийн шөнийн ээлжийн ахлагчаар ажиллахаар болоод бөөн баяр дэгдэж явна.
Америкийн ерөнхийлөгч Жорж Буш Монгол дахь элчин сайддаа зарлигийн бичиг ирүүлэв. Түүндээ “Үүнээс хойш, түүнээс цааш эх орныхоо агаарыг цэвэршүүлэх үүднээс монгол хүнийг визгүй зорчуулсугай” гэжээ. Англи, Франц, Орос, Хятад бүгдээрээ энэ жишгийг дагахаар сэм хэлэлцэн тохирч байгааг Монголоос тэнд суулгасан тагнуулууд мэдээлж байгаа юм.
Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд манай улсаас барууны орнууд руу илгээсэн нууц ажилтнууд хялбархан баригдах болов. Учир юу вэ гэвэл, монголын тагнуулын салхин доогуур гарахад утаа сэнхийдгийг тэд мэдчихжээ.
Тэртээх хориод онд Улаанбаатар гэдэг нэрийг өгөхдөө Сүх жанжин дотроо холын бодол агуулсан юмсанж. Байшингийн орой дээр гэрэлтэх “Улаанбаатар” гэсэн чимэглэлийг “Утаанбаатар” болгон солих нь эдийн засгийн хувьд ашигтай гэдгийг тэр тооцсон хэрэг. Ердөө ганц үсэг солиод л болоо. Тэгэхэд оросууд Свердловскийг Екатеринбург, Ленинградыг Санкт-Петрбург болгохдоо ямар их зардал чирэгдэл гаргасан гэж санана аа?
“Утаагүй бол монгол чи хэн юм бэ, монголгүй бол утаа чи юу юм бэ” гэх нэгэн хип-хооп дууг нийслэлийн захирагч Батбаяр улаан хацраа бумбалзуулан үглэж дуулсан нь ард түмний зүрхэнд хүрч, хийтийн жагсаалтыг тэргүүлж байна.
Бид аргалын хөх утаан дотор төрдөг. Арцны цэнхэр майгаар бие эрхтэнээ ариулдаг. Утаан дээр хатаасан борцоо мэрж, улаан дүнсийг угсруулан нэрэх дуртай. Цэнхэр манан суунаглах алсыг ширтэж ухаанаа тэлдэг ард түмэн билээ.

Monday, November 19, 2007

ХУУЛИЙН БУРУУ

/фельетон/
Орчлонгийн хамгийн азгүй амьтан гэвэл намайг л хэлдэг байх даа. Миний сонголт ёр юм шиг дандаа буруу байна.
Ядахад, сонгож суусан микротой заавал нэг гай тохиолдоно. Уржигдар учирсан жолооч долоон удаа зам хазайн шатахуун цэнэглэж, чарлаач нь мөн долоон удаа зогсож мөнгө задлуулснаар барахгүй дордохын долоо дахь буудал дээр дугуй нь хагарснаас би ажилдаа бүхэл бүтэн долоон цаг хожимдлоо. Өчигдөр тэгтэл, хэрээ шиг хахирган чарлаачтай хэрнээ буудлаас ховхрохоо мэддэггүй хоргодоо жолоочтой таарч, үд хэвийж байхад ажлынхаа хаалгыг арайхийж татлаа. Захирал цоргитол муухай хараад, “Эцсийн удаа санууллаа шүү, нөхөөр” гэсэн юм. Өнөөдөр яасан гээч? Зам огт түгжирсэнгүй, чарлаач аядуу дуугарч, жолооч ухас ухасхийлгэн хурдалж байна. Баярласан гэж жигтэйхэн. Ажлын газар луу овоо дөхөж явтал тасхийтэл шүгэл тачигнах нь тэр. Лайтай цагдаа яах гээд байгаа нь бүү мэд, жолоочийг шаналаан хагас өдөр зогсоолоо. Ингээд л би дараагийн ажлаа хайх болсон доо, хөөрхий.
Нарантуулаас гутал сонгох боллоо. Хятад, солонгос, орос гээд түмэн “хэлийн” гутал шинжиж, амралтын өдрөө тэр чигт нь энэхүү сонголтын нарийн чимхлүүр ажилд үрлээ. Орой нар жаргаж байхуйд нэг гутал нүдэнд тусаатахлаа. Үзэж байтал нэг авгай хажуугаас, “Манайхан аягүй сайн оёдог болсон ш дээ” гэж байна. Цөс минь хөөрч “Үндэсний үйлдвэрээ дэмжье” гэж дотроо хэлээд, мөнгөө тооллоо. Жинхэнэ үхрийн ширээр, гараа гаргаж оёсныг нь бодохоос хамрын самсаа шархирч байсныг яана. Гутлаа ганц хоног өмстөл хөх төмөр хадааснууд хөдөө тийшээ матийн гарч ирээд хөл хага хатгаж байна. Хоёр хонотол улавч нь хумигдаж, хатуу цаас цухуйв. Гурав дахь өдрийн үдийн хугархайд өнөөх цаас нь норж овойгоод өмсөхийн аргагүй боллоо. “Үндэсний үйлдвэр”-ээ хог руу шидэж байхдаа бахархлын бус гомдлын нулимс дусааж билээ.
Амьтай голтой эр хүн юм хойно авгай сонгов. Гайтай юм шиг хамгийн ардчилсан үзэлтэйг нь сонгосноо хуримын маргааш мэдлээ. Хоолны махыг яг тэнцүү хуваан хөшиглөнө. Угаалга хийх боллоо гэхэд оймсыг өрөөсөн өрөөснөөр нь тэнцүү хуваарилна. Үйлийн үртэй амьтан өрөөсөн оймс үрэн хөөсрүүлж, нусаа татан суухдаа найз нартаа атаархан, дэмий л санаа алддаг даа. Тэд бол авгайгаа зарчихаад, телевиз ширтэн, буйдан дээрээ налайж байдаг.
Сонгуулийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Ардчилсан үзэлт авгайтайгаа зөрсөөр байгаад Энхбаярыг ерөнхийлөгчөөр сонгосон. Тэгтэл хамгийн шуналтай, хамгийн бузар нь болж таарсан. Улсын Их Хуралд бүр долоон дор. Хамгийн сүүлд, 2004 онд сонгосон гишүүн маань хууль хэлэлцэхийн оронд бэлгэвч ярихыг илүүд үздэг хүн байж таарлаа. 2000 оных бол улсын нисдэг тэргийг хувийнх гэж андуураад үнэг хөөдөг нөхөр байсан. 1996 онд юу ч дуугардаггүй хэлгүй Короляг сонгож байлаа.
За даа нэг, иймэрхүү л аж төрж байна даа. Азгүйгээсээ болоод би их гутардаг байж. Харин, “Аливаа даалгаврыг биелүүлэх хоёр, эсвэл түүнээс дээш хувилбар байвал хүн хамгийн бүтэлгүйг нь сонгодог” гэх Морфигийн хуулийг нэг цэлмэг өдөр олж уншсанаасаа хойш гутрахаа больсон. Гутрахгүйгээр барахгүй, бүр инээд хүрдэг болсон гэж байгаа. Надад биш хуулинд буруу байгаа юм чинь яах вэ дээ.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates