/фельетон/
“Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би” гэсэн шүлгийг цээжээр дуржигнуулж чадвал тэр хүнийг монгол хэмээн үздэг. Бид өнө мөнхөд утаатай холбогдсон хувь заяатайгаа эвлэрсэн ард түмэн.
Та бодоод үз дээ! Тооноор нь утаа багтаж ядан бургилахад гэр дотор ямар байх вэ? Тэгэхээр монгол хүн төрмөгцөө эхийн цагаан сүүгээр бус, аргалын цэнхэр утаагаар амладаг болж таарах нь.
Япон, Солонгосоос төсөл хэрэгжүүлэн утаагүй зуух үнэгүй тараадаг боловч монголчууд аль их утаа саагиулдаг зуухыг Нарантуулаас үнэ зодон авч, гэртээ тавихыг илүүд үздэг. Тэгээд ч зогсохгүй, хуванцар сав, хаягдал дугуй, майжиг гутал гээд аль их утаа гаргадаг болгоныг хамж шимж, шилж сонгон шатаана. Нүүрсийг шингэрүүлээд утаагүй гал гаргаж болно гэж гадны зөвлөх нь хэлсээр байтал тэс зөрүүдлэнэ. Дэлхийн өнцөг бүрээс хамгийн хуучин, хамгийн утаатай тэргийг авчраад хотоороо хөндлөн гулд сүлжилдэн давхидаг. Зүгээр ч давхихгүй. Хаазаа чинээнд тултал гишгэн хар утаа олгойдуулж, цээж дүүрэн уушиглаж таашаал авна.
Нобелийн шагналт, амьтан судлаач Жорж Утоун гуай монголчуудын бодисын солилцоог судлаад үзтэл яасан гээч? Монгол хүн нүүрсхүчил, хар тугалгын давхар ислээр амьсгалж, хүчилтөрөгч ялгаруулдаг болохыг тогтоож, дэлхийн чих дэлдийв. Нэгдсэн үндэстний байгууллагын аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаж, даян дэлхийн хүмүүн төрөлхийтний сайн сайхны төлөө хамаг хорт утааг ховх сорж буй монгол хүнийг улаан номд бичиж, хамгаалалтад авахаар шийджээ.
Тэгтэл монгол сэтгүүлчид өөрсдөө “Улаанбаатар утаанд автаад, гамшгийн байдалд оржээ” хэмээж буй нь логикгүй тэнэг бичлэг юм. Нийслэлийн утааг арилгачихвал монгол хүн юугаараа амьсгалах болж байна аа?
Утааны ачаар монгол хүний үнэ цэнэ огцом өссөөр байгаа. Хэдэн монгол Сөүлд гарсан түймрээс хүн аварсныг ерөнхийлөгч нь хүртэл магтаж, бөөн шуугиан болсон. Хар нялхаасаа Улаанбаатарын утаанд эрчимжүүлсэн бэлтгэл хийгээгүй бол багтарч унаад өөрсдөө шатчих байсан шүү дээ. Сөүл, Токио, Лондон, Париж, Нью-Йоркийн гал унтраах ангиуд “Улаанбаатар хотод төрж өссөн хүнийг гал сөнөөгчөөр шалгалтгүй авна” гэсэн зарыг интернэтэд зай завсаргүй тавьжээ. Огцорсноосоо хойш хоёр жил лааз өшиглөсөн хөөрхий Элбэгдорж Торонтогийн Гал түймэртэй тэмцэх ангийн шөнийн ээлжийн ахлагчаар ажиллахаар болоод бөөн баяр дэгдэж явна.
Америкийн ерөнхийлөгч Жорж Буш Монгол дахь элчин сайддаа зарлигийн бичиг ирүүлэв. Түүндээ “Үүнээс хойш, түүнээс цааш эх орныхоо агаарыг цэвэршүүлэх үүднээс монгол хүнийг визгүй зорчуулсугай” гэжээ. Англи, Франц, Орос, Хятад бүгдээрээ энэ жишгийг дагахаар сэм хэлэлцэн тохирч байгааг Монголоос тэнд суулгасан тагнуулууд мэдээлж байгаа юм.
Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд манай улсаас барууны орнууд руу илгээсэн нууц ажилтнууд хялбархан баригдах болов. Учир юу вэ гэвэл, монголын тагнуулын салхин доогуур гарахад утаа сэнхийдгийг тэд мэдчихжээ.
Тэртээх хориод онд Улаанбаатар гэдэг нэрийг өгөхдөө Сүх жанжин дотроо холын бодол агуулсан юмсанж. Байшингийн орой дээр гэрэлтэх “Улаанбаатар” гэсэн чимэглэлийг “Утаанбаатар” болгон солих нь эдийн засгийн хувьд ашигтай гэдгийг тэр тооцсон хэрэг. Ердөө ганц үсэг солиод л болоо. Тэгэхэд оросууд Свердловскийг Екатеринбург, Ленинградыг Санкт-Петрбург болгохдоо ямар их зардал чирэгдэл гаргасан гэж санана аа?
“Утаагүй бол монгол чи хэн юм бэ, монголгүй бол утаа чи юу юм бэ” гэх нэгэн хип-хооп дууг нийслэлийн захирагч Батбаяр улаан хацраа бумбалзуулан үглэж дуулсан нь ард түмний зүрхэнд хүрч, хийтийн жагсаалтыг тэргүүлж байна.
Бид аргалын хөх утаан дотор төрдөг. Арцны цэнхэр майгаар бие эрхтэнээ ариулдаг. Утаан дээр хатаасан борцоо мэрж, улаан дүнсийг угсруулан нэрэх дуртай. Цэнхэр манан суунаглах алсыг ширтэж ухаанаа тэлдэг ард түмэн билээ.